Монголын үндэсний болон сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчдийн баг Австри улсын Вена хотод тоглолтоо толилуулж байна. Тэд Монгол Улсаа сурталчлах хүрээнд гуравдугаар сарын 14-нд Вена хот дахь алдарт, суут хөгжмийн зохиолч Й.Гайднын нэрэмжит концертын танхимд (Schloss Esterhazy Haydn hall), 15-нд цуут Й.Брамсын “Алтан танхим” (Musikveren, Brahms hall)-д тоглов.
Мөн энэ сарын 17-нд тус улсын Граз хотын Minoriten hall-д, дараагийн өдөр нь тус улсын Линц хотын Brucknerhaus Linz, Middle hall-д уран бүтээлээ үзэгчдэд хүргэх юм байна.
“Authentic Mongolia” буюу “Жинхэнэ Монгол” хэмээн нэрийдсэн уг тоглолтыг Монголын найрал хөгжмийг дэмжигчдийн холбооны тэргүүн, удирдаач, УГЗ Н.Буянбаатар санаачилсан бөгөөд Австри улсын Вена хотод төвтэй “Rieder Promotions” компанийн захирал Герхард Риедэрийн хамт зохион байгуулж буй ажээ.
Хоёр байгууллагын хамтын ажиллагаа нэлээд хэдэн жилийн өмнөөс эхтэй. Тэд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг Австрийн үзэгчдэд хүргэх ажлыг жил хагасын өмнөөс эхлүүлжээ.
Тус тоглолтод ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, гарамгай хуурч Д.Шинэцог-Гени, Морин хуурын чуулгын “Чөлүгэн” дөрвөл, МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран, тус театрын төгөлдөр хуурч, концертмейстер Б.Оюунгэрэл нарын шилдэг 15 уран бүтээлч оролцож буй юм.
Тоглолтын хуваарь:
2026.03.14 | 7:30 PM SCHILOSS ESTERHAZY HAYDN HALL
2026.03.15 | 7:30 PM MUSIKVEREIN BRAHMS-HALL
2026.03.17 | 7:30 PM MINORITEN HALL IN GRAZ
2026.03.18 | 7:30 PM “MIDDLE HALL” BRUCKNERHAUS LINZ










































































