Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийх хүсэлт гаргасан талаар Израилийн онлайн хэвлэл Ynet гуравдугаар сарын 14-нд мэдээлжээ. Уг санаачилгын зорилго нь Ираны үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц буюу дронуудын эсрэг тэмцэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа аж.
Израилийн тал Украины байлдааны бодит нөхцөлд хуримтлуулсан туршлагаас суралцах сонирхолтой байгаа бөгөөд Украин улс Оросын армийн ашиглаж буй Ираны үйлдвэрлэлсэн дронуудыг илрүүлэх, саатуулах, устгах чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулсан гэж үзжээ.
Украины Израиль дахь Элчин сайд Евген Корнийчук энэ талаар хүсэлт ирснийг баталж, хоёр улсын удирдагчдын хуваарь завгүй байгаа тул яриа хэлэлцээ хараахан болоогүй ч ирэх долоо хоногийн эхээр зохион байгуулагдах боломжтой гэж мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Эбрахим Азизи Украин Израилийг дэмжсэн тохиолдолд Ираны хувьд хууль ёсны цэргийн бай болно гэж анхааруулсан байна.
Тэрбээр гуравдугаар сарын 14-нд олон нийтийн сүлжээ X-д бичихдээ “Украин Израилийг нисгэгчгүй онгоцоор дэмжих нь бодит байдал дээр АНУ болон Израилийн талд дайнд оролцож буй хэрэг бөгөөд ингэснээр өөрийн бүх нутаг дэвсгэрийг Ираны хувьд хууль ёсны цэргийн бай болгож байна” гэж мэдэгджээ.
Киев энэ мэдэгдэлд хариу өгч, Иран Оросыг Украинтай хийж буй дайнд идэвхтэй дэмжиж ирснийг сануулсан байна. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дэргэдэх Худал мэдээлэлтэй тэмцэх төвийн дарга Андрий Коваленко хэлэхдээ “2022 онд Иран Орост ‘Шахед’ дрон нийлүүлж, оросуудад украинчуудыг хэрхэн хөнөөхийг зааж өгсөн” гэж Азизигийн мэдэгдэлд хариу тайлбар хийжээ.
Иран улс ОХУ-ын ойрын холбоотон бөгөөд Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Москвад мянга мянган нисгэгчгүй онгоц нийлүүлсэн байна. Үүний дараа ОХУ эдгээр дронуудыг сайжруулж, өөрийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх болжээ.
Харин Украин улс Оросын довтолгооноос хамгаалж буй тав дахь жилдээ дроны довтолгоог саатуулах буюу устгах өндөр үр дүнтэй хамгаалалтын системийг бий болгосон бөгөөд шинжээчдийн үнэлгээгээр дрон устгах амжилтын хувь ойролцоогоор 80 хувьд хүрсэн аж.
Ерөнхийлөгч Зеленский өмнө нь АНУ, Израиль Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж, мөн Иран Персийн булангийн бүсийн орнууд руу довтолгоо үргэлжлүүлж буй нөхцөлд 11 улс Украины дроны эсрэг хамгаалалтын туршлагаас суралцах хүсэлт гаргасан талаар мэдэгджээ.
Түүний хэлснээр, тухайн бүс нутаг руу Украины дрон устгагч төхөөрөмжүүд болон нисгэгчгүй онгоцны технологийн мэргэжилтнүүдийн багийг илгээж эхэлжээ.
Эх сурвалж: DW










































































