Монгол Улс болон БНХАУ-ын хилийг холбох Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын экспортын тээврийн хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдэхээр байна.
Тодруулбал, уг төмөр замыг ашиглалтад оруулснаар Монгол Улс жилд 30 сая тонноор илүү ачаа экспортлох боломжтой болох бөгөөд тээврийн зардал буурч, логистикийн үр ашиг сайжрах юм.
Мөн Монгол Улс Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн хоёр дахь гарцтай болж, эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц үзүүлэхээр байна. Зам, тээврийн яамны тооцоолсноор энэхүү төслийн үр дүнд экспортын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэг хүнд ногдох дүнгээр 10 мянган ам.долларт хүрэх боломж бүрдэх аж.
Төслийн хэрэгжилттэй Зам, тээврийн сайд Борхын Дэлгэрсайхан газар дээр нь танилцсан байна. Уг бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогоор 10 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй юм.
Одоогийн байдлаар төмөр замын доод бүтцийн ажлын хүрээнд газар шорооны хөрс хуулалт хийгдэж, жаазан гүүрийн их биеийн бетон цутгалт, дөрвөлжин болон дугуй хоолойн бетон цутгалтын ажлыг 13 байршилд гүйцэтгэжээ. Түүнчлэн нийт 9.5 км урт гүүр барихаас 1330 ширхэг шон суурь өрөмдөж, тулгуурын хөндлөн нуруу болон завсрын тулгууруудыг угсраад байна. Үүнээс гадна 4 км урт, 35/10 кВт хүчин чадалтай гурван хэлхээт түр цахилгаан хангамжийг угсарсан талаар албаныхан мэдээлэв.
Төслийн хүрээнд нийт 32.6 км урт төмөр зам баригдах бөгөөд үүнээс 10.8 км нь нарийн цариг, 8.7 км нь өргөн цариг байх юм. Энэхүү төмөр зам нь нарийн царигаар жилд 20 сая тонн, өргөн царигаар 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн хил дамнасан төмөр замын тээвэр нэвтэрснээр 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ач холбогдолтой. Үүнээс гадна Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомт, Бичигт-Зүүнхатавч боомт, Ханги-Мандал боомт зэрэг боомтуудыг цаашид төмөр замаар үе шаттайгаар холбох боломж бүрдэх юм.
Ингэснээр Монгол Улсын экспортын тээвэр, логистикийн сүлжээ өргөжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах томоохон дэд бүтцийн төсөл болж байна.










































































