АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагаа хоёр долоо хоногийн дотор анхны төлөвлөгөөнөөсөө хальж, тодорхой төгсгөлгүй томоохон бүс нутгийн хямрал болон өргөжөөд байна.
Эхэндээ Цагаан ордон уг дайныг богино хугацаанд үр дүнтэй дуусна гэж тооцоолж байсан ч бодит байдал дээр Иран хүчтэй эсэргүүцэл үзүүлж, дэлхийн эдийн засагт хүртэл нөлөөлөх томоохон сөрөг үр дагавар үүсгээд буй юм.
Дайны эхлэл: Ираны удирдагчдыг устгах төлөвлөгөө
Хоёрдугаар сарын 28-ны өглөө АНУ болон Израиль хамтран Иран дахь өндөр түвшний удирдагчдыг устгах нууц ажиллагааг эхлүүлжээ. Тэр үед Ираны дээд удирдагч Ali Khamenei болон түүний ойрын зөвлөхүүд уулзаж байгаа тухай тагнуулын мэдээлэл гарсан байна.
Төлөвлөгөө нь:
-Ираны удирдлагыг нэг дор устгах
-Улс төрийн хоосон орон зай үүсгэх
-Илүү барууны орнуудтай ойр харилцах шинэ удирдагчдыг гаргах байв.
Эхний агаарын цохилтууд амжилттай болж, Хаменеи болон хэд хэдэн өндөр албан тушаалтнууд амиа алдсан байна. Гэвч энэ нь шинэ асуудал үүсгэв. АНУ-ын тал шинэ удирдагч болж магадгүй гэж үзэж байсан хүмүүс ч мөн адил цохилтод өртөн амиа алджээ.
Трамп дараа нь энэ талаар “Бидний бодож байсан хүмүүсийн ихэнх нь нас барсан. Одоо дараагийн хүмүүс гарч ирж магадгүй. Тэд ч бас амьд байгаа эсэх нь тодорхойгүй” гэж хэлсэн байна.

Төлөвлөгөө нурсан нь
Цагаан ордон эхэндээ энэ ажиллагааг хэдхэн долоо хоногийн дотор дуусах цэргийн кампанит ажил гэж үзэж байсан. Гэвч бодит байдал дээр Ираны дэглэм нуран унаагүй. Харин ч илүү нэгдэж бэхжсэн. Шинэ хатуу байр суурьтай удирдагч гарч ирсэн.
Шинэ дээд удирдагчаар Хаменейн хүү Можтаба Хаменей томилогдсон бөгөөд тэрбээр АНУ-аас өшөө авах болно гэж мэдэгдсэн байна.

Ираны хариу цохилт
Иран хариу арга хэмжээ авч, Ойрхи Дорнод дахь олон байг оносон. Газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд руу довтолсон. Бүс нутгийн хэд хэдэн улсад пуужин харвасан. Хамгийн том алхам нь Ормузын хоолой хаагдсан. Энэ хоолойгоор дэлхийн газрын тосны ойролцоогоор 20 хувийг тээвэрлэгддэг.
Иран уг хоолойг хааснаар дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдсан. Эдийн засгийн том хямрал үүсэх эрсдэл нэмэгдсэн. Дэлхийн зах зээл савласан. АНУ-д бензиний үнэ хоёр долоо хоногийн дотор 65 центээр өсч, галлон тутамд 3.63 доллар болсон байна.

Америк доторх улс төрийн дарамт
Дайны эхний хоёр долоо хоногт 13 америк цэрэг амь үрэгдэж, 140 гаруй хүн шархадсан. АНУ-ын олон нийт дайныг дэмжихгүй байгаа нь судалгаанаас харагджээ. Конгрессын гишүүд ч мөн адил засгийн газраас дайны зорилго, хугацаа, гарах стратеги зэрэгт тодорхой хариулт шаардаж байгаа ч тодорхой төлөвлөгөө бараг байхгүй гэж шүүмжилж байна.
Бүс нутгийн өргөн мөргөлдөөн

Дайн зөвхөн АНУ ба Ираны хооронд хязгаарлагдсангүй. Израиль “Хезболла”-гийн эсрэг шинэ довтолгоо эхлүүлсэн. Ливанд олон зуун хүн амь үрэгдсэн. Олон зуун мянган хүн дүрвэсэн. Бүс нутгийн улс орнуудын зарим нь АНУ-ын шийдвэрийг шүүмжилж, энэ нь бүх бүс нутгийг тогтворгүй болгож байна гэж мэдэгдсэн байна.
Америкчуудыг яаралтай гаргах ажиллагаа
Дайн эхэлснээс хойш хоёр хоногийн дараа АНУ Ойрхи Дорнодын олон орноос иргэдээ яаралтай гарахыг анхааруулсан. Олон арван тусгай нислэг зохион байгуулсан ч зарим шүүмжлэл гарч, анхны өдрүүдэд засгийн газар хангалттай хурдан ажиллаагүй гэж үзжээ.
Дайны зорилго тодорхойгүй хэвээр
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет дараах зорилгуудыг дурдсан. Үүнд Ираны баллистик пуужингийн хүчин чадлыг устгах, Тэнгисийн цэргийн хүчийг сулруулах, Цөмийн зэвсэг хөгжүүлэх боломжийг устгах багтжээ.
Гэвч Трамп өөрөө заримдаа өөр зүйл ярьж буй. Ираны шинэ удирдагчийг сонгоход оролцох, явган цэргүүд илгээх боломж, дайны хугацааг өөр өөрөөр хэлэх зэргээр тодорхойгүй байр суурь илэрхийлсээр байгаа юм.
Дэлхийн эдийн засагт үзүүлсэн нөлөө
Газрын тосны нийлүүлэлт тасалдсанаас газрын тосны үнэ 100 доллар давсан. Дэлхийн зах зээл савласан. Олон улс стратегийн нөөцөө гаргах талаар ярилцаж эхэлсэн. Олон улсын эрчим хүчний агентлаг түүхэнд байгаагүй 400 сая баррель газрын тос зах зээлд гаргах санал гаргасан ч хямралыг бүрэн намжааж чадаагүй.
Төгсгөл тодорхойгүй дайн

Дайн гурав дахь долоо хоногтоо орж байгаа ч тодорхой гарц харагдахгүй байгаа аж.
Трамп дайны талаар “Дайн хэзээ дуусах вэ гэвэл намайг хүссэн үед дуусна. Яг ясандаа мэдрэх үед” гэж хэлжээ. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, Иран бууж өгөх шинжгүй байгаа бөгөөд бүс нутгийн мөргөлдөөн өргөжиж, эдийн засгийн дарамт нэмэгдэж буй.
Иймээс энэ дайн анх төлөвлөсөн богино хугацааны ажиллагаанаас илүү урт хугацааны, тодорхой төгсгөлгүй мөргөлдөөн болж хувирах эрсдэлтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN










































































