Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Оросын нефтийн хоригийг түр хугацаагаар сулруулсан шийдвэрийг шүүмжилжээ. Энэхүү арга хэмжээг Вашингтон Ираны дайнаас үүдэн түлшний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан авчээ.
Зеленский “Энэ шийдвэр ямар ч хувилбараар Оросын байр суурийг бэхжүүлнэ. Энэхүү алхам нь амар амгалан байдалд хувь нэмэр оруулахгүй” гэж хэлсэн байна.
Тэрбээр цааш нь тайлбарлахдаа, АНУ Оросын нефтийг тээвэрлэж байгаа усан онгоцуудад түр хугацаагаар худалдахыг зөвшөөрснөөр Москвад нэмэлтээр 10 тэрбум долларын орлого орох бөгөөд түүгээр дайныг үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт зэвсэг худалдан авах боломжтой болно гэжээ.
Францын Ерөнхийлөгчийн байр суурь
Эммануэль Макрон АНУ-ын шийдвэрт багагүй шүүмжлэлтэй хандаж, үүнийг “түр зуурын онцгой зөвшөөрөл” гэж нэрлэжээ. Макроны тэмдэглэснээр, энэ нь өмнө тогтоосон хоригийг эргэлзээтэй болгохгүй аж. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн саяхны хэлэлцээрийн үеэрх энэ талаарх байр суурь өөрчлөгдөөгүй гэж мэдэгджээ.
Макрон мөн G7 орнуудын нийтлэг байр суурийг дурджээ. Тэрбээр “Түлшний үнийн өсөлт хоригийн бодлогыг өөрчлөх шалтгаан болох ёсгүй. Энэхүү нөхцөл байдал хоригийг цуцлахыг зөвтгөхгүй” гэжээ.
Герман, Норвегийн тэргүүлэгчдийн байр суурь
Тухайн өдөр Германы канцлер Фридрих Мерц болон Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре нар АНУ-ын шийдвэрийг хатуухан шүүмжилжээ.
Мерц “Хоригийг ямар ч шалтгаанаар сулруулах нь буруу. Энэ бол G7 орнуудын бодит байр суурьтай нийцэхгүй юм” гэсэн бол Стёре Норвегиас “Орос Украинд дайныг үргэлжлүүлсээр байгаа тул хориг чухал хэвээр байна. Эрчим хүчний салбараас эхлэн сулруулах нь огт зөв бус” гэж хэлсэн байна. Тэрбээр мөн Европ улс Оросын эрчим хүчнээс хараат бус байхаа баталсан” гэж тэмдэглэжээ.
АНУ-ын түр зуурын хориг сулруулалт
АНУ дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл Оросын усан онгоцонд ачсан нефть болон газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаалахыг түр зөвшөөрсөн. Тус улсын Сангийн яамны тэргүүн Скотт Бессент энэ шийдвэрийг дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдал, үнэ тогтвортой байхыг хангах зорилготой гэж тайлбарласан байна.
Тэрбээр мөн энэ арга хэмжээ нь Оросын засгийн газарт онцгой ашиг авчрахгүй, учир нь улсын орлогын ихэнх нь газрын тосны татвараас ордог гэж онцолжээ.
Fox News-т мэдээлснээр, гуравдугаар сарын 12-ны байдлаар дэлхийн 30 цэгт Оросын ойролцоогоор 124 сая баррель нефть усан онгоцонд ачигдсан байсан ба Ираны Ормузын хоолойгоор ачаа хүрэхэд бэрхшээлтэй байгаа нөхцөлд энэ хангалт 5-6 хоногийн нийлүүлэлтэд л хүрэлцэх тооцоо гарчээ.
Эх сурвалж: DW











































































