Дэлхийн нэр хүндтэй зочид буудлын сүлжээ Hilton Монгол Улсад Conrad Hotels & Resorts брэндийн тансаг зэрэглэлийн зочид буудал байгуулахаар болж, “Конрад Улаанбаатар” төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.
Тус зочид буудал Eco International Group-ийн эзэмшилд, Hilton-ийн удирдлага дор 227 өрөөтэйгээр “Улаанбаатар Эко Тауэр” цогцолборын бүрэлдэхүүнд баригдах бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
55 давхар цогцолборт байрлах уг буудал нь хотын төвд, Сүхбаатарын талбай болон соёл, бизнесийн гол төвүүдийн ойролцоо байрлах юм. Мөн уулзалтын танхим, ресторанууд, усан бассейн, спа, амралт, эрүүл мэндийн байгууламж зэрэг иж бүрэн үйлчилгээтэй байх аж.
Hilton группын удирдлагууд энэ төсөл нь компанийн бүс нутаг дахь өргөжилтийн чухал алхам бөгөөд Монголд олон улсын тансаг зэрэглэлийн зочлох үйлчилгээний шинэ стандарт нэвтрүүлнэ гэж онцолсон байна.
“Конрад Улаанбаатар” нь дэлхийн таван тивд байрлах Conrad Hotels & Resorts брэндийн 50 зочид буудлын нэг болж нэгдэх ажээ.











































































