УИХ-ын дарга Н.Учрал алдар гавьяаны түүхт 105 жилийн ойгоо тэмдэглэж буй Үндэсний батлан хамгаалахын их сургуульд өчигдөр зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
Үндэсний батлан хамгаалах их сургууль нь Батлан хамгаалахын удирдлагын академи, Аюулгүй байдлын сургууль, Эрдмийн сургууль, Цэргийн нэгдсэн сургууль, Батлан хамгаалахын политехник коллеж, Цэргийн хөгжмийн коллеж гэсэн зургаан бүрэлдэхүүн, ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуультай.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй албаныхан УИХ-ын дарга Н.Учралыг угтан авч, хүндэтгэл илэрхийлсний дараа тус сургуулийн музей, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцуулсан байна.
Тус сургуулийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 435 дугаар захирамжаар байгуулж, улмаар Засгийн газрын 2023 оны 307 дугаар тогтоолын дагуу Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд шилжүүлжээ.
Нийт 15 бүлэг хичээллэх дөрвөн танхимтай, 150 сурагч байрладаг дотуур байртай, номын сан, 250 хүний суудалтай урлаг, спорт заалтай бөгөөд 26 багш, 36 ажилтан, алба хаагчтай сургалт, хичээлийн үйл ажиллагаагаа явуулж байна гэж “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал Д.Энх-Амгалан танилцуулсан байна.
Дараа нь УИХ-ын дарга Н.Учрал тус их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн байраар орж, оюутнуудын нөхцөл байдалтай танилцаж, улс оронд нэн эрэлттэй кибер аюулгүй чиглэлээр суралцаж буй сонсогчдод сурлагын өндөр амжилт хүсчээ. Үргэлжлүүлэн Үндэсний батлан хамгаалах их сургуулийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үг хэлсэн байна.
УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ эхэнд удахгүй тохиох “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ 105 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирсэнд бахархаж буйгаа илэрхийлжээ.
Мөн тэрбээр улс орны гадаад, дотоод аюулгүй байдал нэн эгзэгтэй байсан 1930-аад оны эхэн үе, Халхын гол, Чөлөөлөх дайны хүнд он жилүүдэд Цэргийн ерөнхий сургууль нь Монгол ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүнийг эрчимтэй бэлтгэж, тухайн үеийн нам, засаг болон цэргийн дээд удирдлагын үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн байна.
Дэлхий нийтээрээ хоёр туйлт ертөнцөд хуваагдсан хүйтэн дайны ээдрээтэй цаг үед ч цэргийн нэгдсэн дээд сургуулийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг өндрөөр үнэлдэг гэжээ.
Түүнчлэн Үндэсний батлан хамгаалахын их сургууль хөгжлийнхөө түүхэн хугацаанд батлан хамгаалах салбарын 90 мянга гаруй албан хаагчийг бэлтгэж, тэдгээрийн дундаас нисгэгч Д.Дэмбэрэл, пулемётын наводчик Ц.Олзвой, улс төрийн ажилтан Л.Гэлэгбаатар, хуягтын жолооч Л.Хаянхирваа, М.Экей, их бууны салааны дарга В.Шарав,
1945 оны Чөлөөлөх дайны удирдах бүрэлдэхүүнд баатарлаг гавьяа байгуулсан дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, хурандаа Д.Нянтайсүрэн, хурандаа П.Шагдарсүрэн нарын Улсын Баатар, олон арван төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн дээд цолтон, эрдэмтэн судлаач, шинжлэх ухаан, урлаг, спортын алдартнууд төрөн гарсныг баярын энэ өдөр бахархан дурсаж буйд сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дарга тодотгожээ.
Тус их сургуулийн эрдмийн хамт олон харьяа долоон салбар сургуульд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгааг сайшаасан байна.
Үүний зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөөх 105 жилийн дайчин замналыг бүтээлцэж, олон зуун шилдэг сэхээтэн, мянга мянган мэргэжлийн чадварлаг алба хаагчдыг бэлтгэсэн ахмад үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн буурлуудад чин сэтгэлийн талархал дэвшүүлжээ.
Эдүгээ улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчин эрс өөрчлөгдөж, олон улс, бүс нутгийн цэрэг-улс төр, эдийн засаг, геостратеги, геополитикийн ашиг сонирхлын зөрчил, сөргөлдөөн улам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллагуудын өмнө шинэ сорилтыг бий болгож буйг УИХ-ын дарга тодотгосон байна.
Монгол Улс аюулгүй байдлаа хангах, гаднаас учрах эрсдэлийг сөрөн тэсвэрлэхийн тулд гадаад, дотоод бодлого, нийгэм эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатай болоод буй.
Ийм цаг үед Та бүхэн хөгжлийнхөө стратеги, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж, байлдааны шинэ арга тактикт суралцсан төрийн цэргийн байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг албан хаагчдыг бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд улам чармайн ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Үүнд төр, засгаас ч онцгой анхаарал хандуулахаа илэрхийлжээ.










































































