АНУ-ын Төрийн департаментын “Шударга ёсонд тусалсны шагнал” хөтөлбөрийн хүрээнд Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын гол удирдагчдын талаар мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.доллар хүртэл шагнал олгоно гэж мэдэгдлээ. Тэдний дунд Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеи багтаж байгаа юм.
Энэ мэдэгдэл хөтөлбөрийн албан ёсны сайтад нийтлэгдсэн боловч нийтэлсэн огноог дурдаагүй байна. Харин хэвлэлүүд гуравдугаар сарын 13-ны баасан гарагт энэ мэдээлэлд анхаарал хандуулжээ.
Хэн хэн энэ жагсаалтад багтсан бэ?
АНУ-ын эрх баригчид Можтаба Хаменейгээс гадна дараах хүмүүсийн талаар мэдээлэл сонирхож байгаа аж. Үүнд:
-Дээд удирдагчийн захиргааны дарга Али Асгар Хежази
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани
-Дээд удирдагчийн ахлах цэргийн зөвлөх Яхья Рахим Сафави
-Дотоод хэргийн сайд Эскандар Момени
-Тагнуулын сайд Эсмаил Хатиб
Мөн нэрийг нь дурдаагүй ч дараах албан тушаалтнуудын талаар мэдээлэл хүссэн байна. Үүнд:
-Улсын Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга
-Дээд удирдагчийн зөвлөх
-Дээд удирдагчийн захиргааны цэргийн удирдлагын газрын дарга
-Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын командлагч
Шагналын хэмжээ
АНУ-ын энэ хөтөлбөрөөр олгодог шагналын хамгийн дээд хэмжээ 25 сая доллар байдаг аж. Харин Ираны удирдагчдын тухай мэдээллийн хувьд 10 сая доллар хүртэл шагнал олгохоор тогтоожээ.
Мөн мэдээлэл өгсөн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс өөр улс руу нүүлгэн шилжүүлэх боломж ч олгоно гэж мэдэгдсэн байна. Мэдээллийг Tor браузер болон Signal мессенжерээр дамжуулан илгээхийг санал болгожээ.
Ойрхи Дорнодод дайн эхэлсэн тухайд
Мэдээлэлд дурдсанаар, хоёрдугаар сарын 28-ны өглөө АНУ болон Израиль улс Иранд томоохон агаарын цохилт өгч, “Epic Fury” нэртэй цэргийн ажиллагаа эхлүүлсэнээ мэдэгдсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр, эхний цохилтуудын үеэр Ираны өндөр албан тушаалтай 40 орчим хүн амь үрэгдсэн байна. Тэдний дунд
-Ираны дээд удирдагчАли Хаменеи,
-Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын командлагч Мохаммад Пакпур
-Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани
-Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Абдолрахим Мусави
-Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде
-Мөн Можтаба Хаменей шархадсан бөгөөд түүний эхнэр, хүү нар халдлагын үеэр амиа алдсан гэж мэдээлжээ.
Ираны хариу цохилт
АНУ болон Израилийн цохилтын хариуд Иран Израиль болон Персийн булангийн бүсийн зарим улсын нутаг дэвсгэр рүү довтолж эхэлсэн. Энэ үеэр пуужин, дроны цохилт иргэний объектуудад туссан тохиолдол хэд хэд бүртгэгджээ.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан хөрш орнуудаас уучлал хүсч, АНУ-Израилийн довтолгооны улмаас удирдлагаа алдсан тул цохилтууд өгсөн гэж тайлбарласан байна.
Масуд Пезешкиан мөн бүс нутгийн аль ч улсад байрлах АНУ-ын цэргийн баазууд руу цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
Дайны төгсгөл хэзээ вэ?
Дональд Трамп “Ирантай хийж буй дайн намайг хүссэн үед дуусна” гэж хэлсэн бол Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац “Цэргийн ажиллагаа хугацаагүй үргэлжилнэ” гэжээ. Иран “Дайн хэзээ дуусахыг Исламын Бүгд Найрамдах Улс өөрөө шийднэ” хэмээн мэдэгдээд буй юм.
Эх сурвалж: DW










































































