Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өсөв. Ойрхи Дорнодод Ираны эсрэг АНУ болон Израилийн явуулж буй дайны нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын төсөвт өдөр бүр ойролцоогоор 150 сая ам.долларын нэмэлт орлого авчирч байгаа талаар Financial Times сонин гуравдугаар сарын 12-нд салбарын шинжээчдийн тооцоонд үндэслэн мэдээлжээ.
Тэдний тооцоолсноор, хэрэв Оросын нефтийн дундаж үнэ нэг баррель нь 70-80 ам.долларт хүрвэл гуравдугаар сарын эцэс гэхэд ОХУ нийтдээ 3.3-4.9 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой аж. Харьцуулбал хоёрдугаар сард Оросын нефтийн үнэ нэг баррель нь ойролцоогоор 45 ам.долларын түвшинд байжээ.
Нефтийн зах зээлийн мэдээлэл, шинжилгээний Kpler компанийн тэргүүлэх шинжээч Сумит Ритолий “Ойрхи Дорнод дахь шинэ дайнаас Орос улс “хамгийн их ашиг хүртэгч” болж байна” хэмээн дүгнэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев X сүлжээнд байршуулсан FT сонины нийтлэлд “Одоо өрнөж буй үйл явдал нь “түүхэн дэх хамгийн том эрчим хүчний хямралын эхлэл” байж магадгүй” гэж хариу тайлбар хийжээ.
FT-ийн нийтлэл гарсны дараа АНУ-ын эрх баригчид Украинд явуулж буй дайны улмаас Оросын эсрэг авсан нефтийн зарим хоригийг түр хугацаанд зөөлрүүлж, гуравдугаар сарын 12-ноос өмнө хөлөг онгоцонд ачигдсан нефть болон нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг зөвшөөрсөн тухай мэдэгдсэн байна.
Kpler-ийн мэдээллийг иш татсан The Bell-ийн мэдээлснээр, гуравдугаар сарын 6-ны байдлаар танкерууд ойролцоогоор 130 сая баррель орос нефть тээвэрлэж байсан бөгөөд хоригийн нөлөөгөөр тэдгээрийн нэлээд хэсэг нь замдаа саатсан байжээ.
Кирилл Дмитриев АНУ-ын хязгаарлалтыг зөөлрүүлэх шийдвэрийн хүрээнд тээвэрлэлтэд буй, ойролцоогоор 100 сая баррель орос нефть хоригийн хөнгөлөлтөд хамрагдаж магадгүй гэж тайлбарласан байна. Хэдийгээр АНУ орос нефть худалдан авахыг тодорхой хэмжээнд зөвшөөрсөн ч дэлхийн эрчим хүчний зах зээлийн нөхцөл байдал хурцадмал хэвээр буй юм.
Гуравдугаар сарын 14-ний баасан гарагт Хойд тэнгисийн Brent төрлийн нефтийн үнэ бага зэрэг буурсан ч нэг баррель нь 100 ам.доллар орчимд хэлбэлзсээр байсан бол Америкийн West Texas Intermediate нефтийн үнэ 0.8 хувиар буурч 94.93 ам.долларт хүрсэн байна.
Сүүлийн долоо хоногт Brent болон WTI нефтийн үнэ тус тус ес болон долоон хувиар өссөн бөгөөд Ираны эсрэг дайн эхэлснээс хойш нийлүүлэлт удаан хугацаанд тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас нефтийн үнэ нийтдээ 40 гаруй хувиар өссөн талаар мэдээлжээ.
Нефтийн зах зээл дэх тогтворгүй байдлыг намжаах зорилгоор АНУ-ын Эрчим хүчний яам гуравдугаар сарын 11-нд стратегийн нөөцөөсөө 172 сая баррель нефть гарган зах зээлд нийлүүлэхээ зарласан. Энэ нь Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 32 улс нийлээд нийтдээ 400 сая баррель нефтийг зах зээлд гаргах хамтарсан шийдвэрийн хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ юм.
Гэсэн хэдий ч шинжээчид энэ алхамын үр нөлөөнд эргэлзэж байгаа бөгөөд LSEG-ийн шинжээч Эмрил Жамил үүнийг зах зээлд богино хугацаанд нөлөөлөх шийдэл боловч нийлүүлэлтийн үндсэн асуудлыг шийдэхгүй гэж үзсэн байна.
Haitong Futures компанийн шинжээч Ян Аны үзэж буйгаар, нефтийн зах зээлийг тогтворжуулахад Ормузын хоолой дахь усан тээврийн хэвийн хөдөлгөөнийг сэргээх нь хамгийн чухал аж. Иран болон Оман хоёрын хооронд орших энэ хоолойд дайны улмаас бараг бүрэн зогссон усан тээвэр нь нефтийн үнийг огцом өсгөсөн гол шалтгаан болж байгаа юм.
Дэлхийн нийт нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг тул тэндэхийн нөхцөл байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөө үзүүлж байгаа аж.
Эх сурвалж: DW









































































