Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын 2027-2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тайлан”-гийн үр дүнг танилцууллаа.
Тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн дунд хугацааны төлөв, түүнд нөлөөлөх эрсдэл болон хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулахдаа тайланг гадаад эдийн засаг болон геополитикийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлт, Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээ, мөн макро эдийн засгийн загварт суурилсан таамаглалд үндэслэн боловсруулсан гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн гадаад орчны тодорхойгүй байдал, геополитикийн нөхцөл, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа болон төсвийн орлогын төлөвт эрсдэл үүсгэх магадлалтайг дурдсан бөгөөд нүүрсний зах зээл болон экспортын орлогын тогтворгүй байдал нь дунд хугацаанд анхаарах шаардлагатай гол асуудал хэвээр байгааг онцлов.
Мөн дунд хугацаанд төсвийн төлөв байдалд нөлөөлж буй эрх зүйн орчны өөрчлөлт, төсвийн зарлагын өсөлтөд онцгойлон анхаарах шаардлагатайг дурдсан.
Монгол Улсын 2025 оны эдийн засгийн дотоод өсөлт нэмэгдсэн хэдий ч энэ өсөлт дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж хязгаарлагдмал тул төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоод орчны эрсдэлийг сайтар харгалзан үзэх, төсвийн зарлагын өсөлтийг нэмэгдүүлэхгүй байх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тооцох, мөн төсвийн төлөвлөлтийг улсын хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл мэдэгдсэн байна.
Түүнчлэн дунд хугацаанд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг зохистой түвшинд барих, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой эрэмбэлж үр ашгийг дээшлүүлэх, дэс дараалал бүхий бодлоготой уялдуулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, төсвийн мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ татвар болон ашигт малтмалын эрх зүйн орчны өөрчлөлтийн нөлөөллийг харгалзан үзэх шаардлагатай хэмээн зөвлөжээ.
Мөн Монгол Улсын макро эдийн засгийн бодлого болон төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор боловсруулсан дунд хугацааны макро эдийн засгийн таамаглал, бодлогын зөвлөмжийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хуульд заасан хугацаанд хүргүүлсэн байна.










































































