Можтаба Хаменеи Ираны дээд удирдагчаар томилогдсоноосоо хойш анх удаа мэдэгдэл хийж, Ормузын хоолойг хаалттай хэвээр байлгах бөгөөд охидын сургуульд өгсөн цохилтын улмаас амь үрэгдсэн хүүхдүүдийн төлөө хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэв.
Түүний мэдэгдлийг Ираны төрийн телевизээр уншиж танилцуулсан байна. Энэ мэдэгдэл нь эцэг Аятолла Али Хаменеи дайн эхэлж, эхний агаарын цохилтуудын үеэр амиа алдсаны дараах анхны олон нийтийн мэдэгдэл юм.
Хаменеин хэлснээр, Иран Персийн булангийн бүс нутгийн хөрш орнууд руу хийж буй цохилтуудаа үргэлжлүүлэх аж. Мөн дэлхийн нефтийн худалдаанд чухал ач холбогдолтой Ормузын хоолойг хаалттай байлгаснаар мөргөлдөөнд стратегийн давуу тал бий болгоно гэж үзжээ.
Одоогийн байдлаар уг нарийн хоолойгоор дамжин өнгөрөх усан онгоцны хөдөлгөөн бараг бүрэн зогссон байдалтай б айгаа аж.
Дайн дэлхийн нефтийн зах зээлийг доргиож байна
Ойрхи Дорнод даяар үргэлжилж буй пуужингийн довтолгоонууд дэлхийн нефтийн зах зээлд ихээхэн тогтворгүй байдал үүсгэжээ. International Energy Agency пүрэв гарагт “Энэ мөргөлдөөн дэлхийн нефтийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том нийлүүлэлтийн тасалдал болж байна” гэж анхааруулсан байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн 400 сая баррель нефтийг яаралтай нөөцөөс гаргах шийдвэр хүртэл зах зээлийг тогтворжуулж чадаагүй аж. Пүрэв гаргийн өглөө нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллараас давсан. Иракийн эргийн ойролцоо хоёр нефть тээвэрлэгч танкер довтолгоонд өртөн шатсан байна.
Ормузын хоолой орчимд дахин халдлага гарчээ
Тус хоолой орчимд лхагва гарагт гурван усан онгоц довтолгоонд өртсөн байна. Үүнээс өмнө Дональд Трамп хэрэв Иран энэ хоолойгоор дамжин өнгөрөх тээврийг хаасаар байвал АНУ цэргийн цохилтоо улам нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм.
Тегеранд дахин дэлбэрэлтүүд болов
Тегеран хотод дахин дэлбэрэлтүүд сонсогдож, АНУ болон Израилийн хамтарсан бөмбөгдөлт үргэлжилж байгаа аж. Үүний зэрэгцээ Израиль мөн Ливанд цохилт өгсөн нь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл “Хезболла”-тай хийж буй тулалдаантай холбоотой аж.
Иран бүс нутгийн хэд хэдэн улс руу нэмэлт довтолгоо хийсэн байна. Үүнд: Ирак, Катар, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсууд багтжээ.
Сургуульд болсон халдлагын талаар маргаан
Тегеран хотын нэгэн бага сургууль цохилтод өртсөний улмаас 170 гаруй хүн, ихэнх нь хүүхдүүд амь үрэгдсэн хэрэг олон улсын анхаарлыг татаж байна. Олон мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, уг халдлага АНУ-ын тагнуулын ташаа мэдээллээс үүдсэн байж магадгүй гэсэн таамаг гарчээ.
Дайны улмаас сая сая хүн дүрвэжээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрвэгсдийн Дээд Комиссарын мэдээлснээр, Иранд өрнөж буй дайны улмаас 3.2 сая хүртэлх хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрсэн байна.
Одоогийн байдлаар Иранд 1300 гаруй хүн амиа алджээ. Тухайн улсын албаныхан “Ливанд 570 гаруй хүн, Израильд дор хаяж 12 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн байна.
АНУ-ын цэргүүд мөн хохирол амсжээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрвэгсдийн Дээд Комиссарын мэдээлснээр, энэ дайнд АНУ-ын долоон цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна. Мөн АНУ-ын Батлан Хамгаалахын Яам буюу Пентагон “140 америк цэрэг шархадсанаас 8-ынх нь биеийн байдал маш хүнд байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: YAHOO










































































