Монголын улс төр ирэх даваа гаргаас бужигнаж эхлэх төлөвтэй. Хаврын чуулган нээлтээ хийж, энд тэнд “сулдаа ганхсан” гишүүд цуглаж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор “улс төрийн уран мэх”-ээ уралдуулцгааж эхлэх нь.
Эрх баригч МАН, Ардчилсан нам дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон хэдийнэ эхэлсэн. Үүний зэрэгцээ ажиглагчдын үзэж буйгаар, МАН-д шинэ эрч хүч орж ирэх магадлал өндөр байгаа аж.
Гол дүрүүд нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар гэх бөгөөд тэд өмнө нь намын удирдлага, Засгийн газрыг хамтран удирдаж байхдаа авлига, хулгай, эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг асуудлыг илчлэн, “дэлбэрэлт” хийх аргаар хүчээ зузаатгасан туршлагатайг зарим хүмүүс онцолсоор буй.
“60 тэрбумын схем”, “Эрдэнийн 49 хувийн схем”-ийг илчилж байсан туршлага нь Л.Оюун-Эрдэнийн улс төрд эргэн манлайлах хүчийг тодотгож байна гэлцэж ч буй.
Д.Амарбаясгалан ч МАН-ын гал тогоог найман жил удирдаж, олон сонгуулиар ялалт авчирсан туршлагатай бөгөөд намынхантайгаа эв зүйгээ ололгүй, зөвхөн эрх мэдлээ хадгалах арга барилаар ажиллах эрмэлзэлтэй нь сул тал болсон гэлцэх.
Түүнийг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж буй. АТГ Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангид заасан үндэслэлээр шалгаж, 22.10.2 буюу “үндэслэлгүй хөрөнгөжих” зүйл ангид зааснаар буруутгаж буйг прокуророос хүчингүй болгосон.
Харин ЭЦА татвар төлөхөөс зайлсхийх (18.3) болон мөнгө угаах (18.6) хэргээр мөрдөн шалгаж буй аж. “Бортээг-Админерал” төслүүдтэй холбогдох тендер, гэрээ, албан тушаалын асуудлууд ч багтжээ.
Энэхүү хууль, эрх зүйн шалгалтууд нь түүний улс төрийн нөлөөллийг бүрэн устгах бус, харин МАН-д эргэн хүчтэй орж ирэх боломжийг нь тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа хэрэг аж.
Д.Амарбаясгалан 2025 оны аравдугаар сард УИХ-ын даргын суудлаасаа бууснаар намын дотоод албан бус даргын үүрэг гүйцэтгэж байсан. Гэвч намын шинэ дарга Н.Учрал албан ёсоор намын гишүүнчлэлээс чөлөөлөгдөх, зарим хамтран ажиллаж байсан гишүүдийг яллагдагчаар татуулах зэрэг үйл явдал ар араасаа өрнөсөн.
Энэ нь Д.Амарбаясгалангийн улс төрийн байр суурь зөвхөн албан тушаалын сонгодог эрх мэдлээр хэмжигддэггүй, намын дотоод үйл явдлыг чиглүүлж чадах хэмжээнд хэвээр буйг харуулж байгааг ажиглагчид онцолсон юм.
Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын “эргэн ирэлт” нь МАН дотор хүчтэй донсолгоо үүсгэж, намын удирдлага, эрх мэдлийн балансад шинэ сорилт тулгарах төлөвтэй байгаа аж.
Өмнө нь эрх мэдлийг баталгаажуулахдаа хэрэглэж байсан “дэлбэрэлт”-ийн арга барил, хууль, эрх зүйн шалгалтууд, улс төрийн туршлага нь тэднийг энэ хавар нам дотор гол дүрд эргэж ирэх магадлалыг өндөрсгөж буй талаар журмын нөхөд нь шивэр авир хийж байна.
Энэ нь зөвхөн намын удирдлагыг дахин хуваарилах асуудал бус, Монгол Улсын улс төрийг бүхэлд нь шинэ сорилт, нөлөөллийн эргэлтэд оруулах хандлагатай үйл явдал болж мэдэх бололтой.











































































