Цахим сүлжээнд хурдацтай тархаж, хүмүүсийн анхаарлыг гойд татаж буй нэгэн туршилтад 24 цаг мацаг барих явцад хүний биед яг юу болдгийг үе шаттайгаар харуулжээ. Судалгаагаар, бие организмд гарах өөрчлөлтүүд таны төсөөлснөөс илүү хурдан эхэлдэг аж.
Дэлхийн өнцөг булан бүрт мусульманчууд Рамаданыг дуустал үргэлжлүүлэн мацаг барьж буй. Ид ал-Фитр баяр ирэх пүрэв гарагт эхлэх төлөвтэй байгаа аж. Мусульманчуудын хувьд мацаг барих нь биеийн сахилга бат, сүнслэг ухамсар, өрөвч сэтгэл, талархал, сүнслэг гүн бодролыг хөгжүүлэхэд чиглэсэн шашны үйл ажиллагаа болдог бол зарим хүн үүнийг зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар барих нь бий.
Өдөржин мацаг барих нь эрүүл мэндийн чиг хандлагын нэг болж, интермитент мацаг (хугацаагаар барих) улам бүр эрэлттэй болж байгаа аж. Энэ арга нь жингээ хасах, метаболизмыг сайжруулах, хооллолтын хяналтыг дээшлүүлэхэд тус болдог байна.
Туршилт нь 24 цагийн мацаг барих процессыг үе шат бүрт хуваан үзүүлж, бие организм хэрхэн энергийн эх үүсвэрээ сольж, дотоод зохицуулалтууд хийж байгааг харуулжээ.
24 цагийн мацаг: Үе шат бүрт юу болдог вэ?
1-4 цаг:
Мацаг эхлэхэд хоол боловсруулалт зогсож, инсулины түвшин буурдаг тул бага зэрэг өлсөх мэдрэмж төрдөг. Энэ үеэс бие хадгалсан сахарыг энергийн эх үүсвэр болгон ашиглаж эхэлдэг.
5-8 цаг:
Мацгийн 8 дахь цагт цусан дахь сахар багасаж, бие хадгалсан сахараа энерги болгон ашиглаж эхэлдэг. Энэ үеэс биеийн мэдрэмж илт өөрчлөгдөж эхэлдэг байна.
9-12 цаг:
12 цаг мацаг барихад бие өөхөө бага хэмжээгээр түлш болгон хувиргаж эхэлдэг. Өмнө нь ихээхэн өлссөн байж магадгүй ч энэ үеэс өлсөх мэдрэмж багасч, жин хасах үйл явц эхэлдэг. Гэхдээ ядралт мэдрэгдэх нь элбэг.
13-16 цаг:
16 цагийн мацаг барихад бие гэмтсэн эсүүдээ задлан шатааж, өөрийгөө шинэчилдэг автофаги процесс идэвхждэг. Энэ нь эрүүл мэндэд олон талын ашиг тус авчирдаг, тухайлбал вирус, бактерийг устгах, эсийн ашиггүй хэсгүүдийг арилгах гэх мэт.
17-24 цаг:
24 цагийн мацагт бие “гүн засварын” горимд орж, өөхийг гол түлш болгон ашиглаж эхэлдэг байна. Мөн биеийн үрэвсэл буурч, инсулиний мэдрэг чанар сайжирснаар урт хугацаанд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг ажээ.
Энэхүү туршилт нь мацаг барихад биеийн дотоод процесс хэрхэн явагддагийг тодорхой харуулж, эрүүл мэндийн ач холбогдлыг ойлгоход тусалж буй. Мусульманчууд Рамаданы ариун сард мэдэрдэг шиг, үүний давуу тал нь зөвхөн шашны ач холбогдол төдийгүй бие организмд эерэг өөрчлөлт авчирдаг ажээ.
Эх сурвалж: UNILAD










































































