ОХУ-ын Ижевск хотод зохион байгуулагдсан олон улсын циркийн жүжигчдийн 15 дахь удаагийн нэр хүндтэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид өндөр амжилт үзүүлж, “Алтан цом”-ын эзэд болжээ. Мөн тэд шүүгчдийн болон зохион байгуулагчдын тусгай шагнал хүртсэн байна.
Тэмцээнд Ц.Сэлэнгэ багшийн удирдлага дор бэлтгэгдсэн циркийн жүжигчид оролцож, уран чадвар, эвсэл зохицол, техник ур чадвараараа шүүгчдийг гайхашруулж, шилдгийн шилдэг багийн нэгээр шалгарчээ. Ийнхүү Монголын циркийн залуу уран бүтээлчид олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхийн циркийн урлагийн тавцанд дахин нэг амжилтын хуудас нэмж чадлаа.
Энэхүү тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг олон улсын нэр хүндтэй арга хэмжээний нэг. Дэлхийн олон орны шилдэг циркийн жүжигчид оролцож, ур чадвараа сорьдгоороо онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд Орос, Монгол, Хятад, Франц, Канад зэрэг 20 гаруй орны циркийн уран бүтээлчид оролцож, акробат, уран нугаралт, агаарын үзүүлбэр зэрэг 50 гаруй номероор өрсөлдсөн байна.
Монголын циркийн урлаг сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж, дэлхийн тавцанд нэр хүндээ бататгаж байгаа билээ. Тухайлбал, Монголын циркчид IDOL International Circus Festival зэрэг олон улсын томоохон наадмуудад амжилттай оролцож, мөнгөн цом хүртсэн юм.










































































