Бүгд Найрамдах Итали Улсад 2026 оны тавдугаар сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл зохион байгуулагдах Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд Монгол Улсаас оролцох уран бүтээлчид, кураторын багийг албан ёсоор танилцууллаа.
Венецийн биенналь нь 1895 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дэлхийн уран бүтээлчдэд өөрийн улс үндэстний өвөрмөц үзэл санаа, сэтгэлгээг таниулан сурталчлах, хүн төрөлхтөнд тулгарч буй нийтлэг сорилт бэрхшээлийн эсрэг эвлэлдэн нэгдэх боломжийг олгодог, урлагийн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ юм.
Монгол уран бүтээлчдийн оролцоо нь тусгаар тогтнол, соёлын өвийг олон улсад танилцуулах чухал хэлбэр болж байна.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 73 дугаар тогтоолоор Венецийн биеннальд монгол уран бүтээлчдийг төрийн дэмжлэгтэйгээр тогтмол оролцуулахыг шийдвэрлэж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь хоёр жил тутам уран бүтээлч, кураторын багийг нээлттэй сонгон шалгаруулан амжилттай оролцуулах ажлыг зохион байгуулж ирсэн байна.
Энэ удаагийн биеннальд оролцох Монголын орчин үеийн шилдэг уран бүтээлчид
- Б.Номин
- Г.Гэрэлхүү
- Ё.Төгөлдөр
- Д.Дорждэрэм нар юм.
Дөрвөн уран бүтээлчийн бүтээлийг нэгтгэн “Сүлжилдээн: Хил дамнасан холбоос” үзэл баримтлалыг дэвшүүлж, сүнслэг олон янз байдал, хүн болон бус оршихуйн харилцаа, тив дамнасан материал ба үзэл санааны урсгалыг харуулан үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын уран бүтээлчдийн оролцоо нь дүрслэх урлагийн салбарын бүтээлч үйлдвэрлэлийг олон улсад сурталчлахаас гадна, бүтээлч авьяас чадварыг хөгжүүлэх, дэлхийн түвшинд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээх, монголын соёл, урлагийн үнэ цэнийг дэлхийн чухал урлагийн платформ дээр илэрхийлэх, соёлын дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн Монгол Улсын павильон Венецийн биеннальд оролцох нь зөвхөн урлагийн төдийгүй улс орны соёл, эдийн засаг, олон улсын харилцаанд урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх чухал боломж гэдгийг зохион байгуулагчид онцлов.










































































