Ираны энэ удаагийн хямрал маш хурдан өөрчлөгдөж, засгийн газрууд, хөрөнгө оруулагчид болон энгийн иргэдийн хувьд урьдчилан таамаглахад улам хэцүү болж байна.
Одоо нөхцөл байдал ихэвчлэн зарим урьдчилан таамаглахад бэрх удирдагчдын шийдвэрээс шалтгаалах болжээ. Үүнд Доналд Трамп болон Ираны шинэ, туршлага багатай дээд удирдагч Можтаба Хаменей орно.
Трамп даваа гарагт хоёрдмол байр суурь илэрхийлж, энэ дайныг “богино хугацааны ажиллагаа” гэж нэрлэн “удахгүй дуусаж магадгүй” гэж хэлсэн. Гэвч тэр мөн Иран АНУ, Израиль болон холбоотнуудын эсрэг ашиглаж болох зэвсэг бүтээх ямар ч боломжгүй болтол дайн дуусах ёсгүй гэж мэдэгджээ.
Энэ бүхний төгсгөл хаашаа чиглэх вэ?
Ийм хямралын үед Цагаан ордонд ихэвчлэн АНУ-ын засгийн газрын мэргэжилтнүүдийг оролцуулж хамгийн магадлалтай, хамгийн сайн, хамгийн муу гэсэн гурван төрлийн төгсгөлийн хувилбар боловсруулдаг.
Олон нийтэд ил болсон мэдээлэл дээр үндэслэн ийм дүн шинжилгээ дараах байдлаар харагдаж болох аж.
Цэргийн ажиллагаанд хугацаа хэрэгтэй
Ямар ч хувилбар байсан цэргийн ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжлэх шаардлагатай. АНУ-ын Батлан хамгаалах яам (Пентагон)-ны тодорхойлсноор гол зорилго нь Ираны хилээс гадуур нөлөө үзүүлэх цэргийн чадварыг сулруулах аж.
Үүний тулд дараах объектуудыг устгах шаардлагатай: Үүнд пуужингийн системүүд, пуужин үйлдвэрлэх үйлдвэрүүд, дрон болон дрон үйлдвэрлэх байгууламж, тэнгисийн цэрэг, агаарын хүч, команд удирдлагын төвүүд, үлдсэн цөмийн хөтөлбөр багтжээ.
Улсын цэргийн хүчин чадлыг сулруулах нь бодитой цэргийн зорилго боловч энэ нь улс төрийн зорилгоос тусдаа зүйл юм. Гэхдээ ийм ажиллагаа цаг хугацаа шаарддаг.
Цэргийн төлөвлөгчид Трампад ажиллагаа төлөвлөгөөний дагуу, магадгүй төлөвлөснөөс хурдан явж байна. Гэхдээ бүрэн хэрэгжүүлэхэд дор хаяж хэдэн долоо хоног хэрэгтэй гэж тайлбарлаж буй бололтой.
Пентагоны хэвлэлийн бага хурал дээр хугацааны талаар ярихаас татгалзсан ч Цагаан ордон анхны төлөвлөгөө 4-6 долоо хоног болохыг баталжээ.
Эдийн засаг ба улс төрийн хүчин зүйл
Ийм төлөвлөгөө нь тухайн үед байгаа мэдээллээс хамаардаг. Энэ шинжилгээнд дараах таамгийг ашиглаж болно. Үүнд: Ираны шинэ дээд удирдагч амьд хэвээр байна. Тегеранд шинэ улс төрийн эргэлт гараагүй. Эрчим хүчний үнэ өндөр хэвээр байна.
Хэдийгээр усан онгоцууд дахин Ормузын хоолойгоор зорчиж эхэлсэн ч мөргөлдөөн үргэлжилж байгаа цагт дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө үргэлжилнэ.
Иран эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлж Трампыг дайныг хурдан дуусгахыг шахахыг оролдож байгаа ч Трамп энэ санааг няцаасан.
Боломжит гурван хувилбар
- Хамгийн магадлалтай хувилбар (60%)
Хязгаарлагдсан Иран — 1990-ээд оны Ирак шиг
Энэ хувилбарт Трамп армид ажлаа дуусгах хугацааг өгнө. Үүний үр дүнд Ираны цэргийн хүч ноцтой суларна. Гэхдээ улс төрийн бүтэц үлдэнэ. Өндөр эрчимтэй цэргийн ажиллагаа зорилгоо биелүүлсний дараа зогсоно.
Гэвч Тегеранд дэглэм солигдохгүй. Иранд тавьсан олон улсын хориг хэвээр үлдэнэ. Хэрэв Иран цөмийн хөтөлбөр, холын тусгалтай баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоохгүй бол хориг арга хэмжээ үргэлжилнэ.
Цэргийн хувьд АНУ, Израиль болон түнш орнууд Ираны агаарын орон зайг хянаж болно. Иран дахин пуужин, дрон, цөмийн хөтөлбөр сэргээх оролдлого хийвэл шууд цохилт өгч болно.
Энэ байдал 1990-ээд оны Ирак шиг байж магадгүй. Өөрөөр хэлбэл, сул дорой, хяналттай, гадаад дарамтад орсон улс. Гэхдээ Иранд иргэдийн эсэргүүцэл нэмэгдэж, дэглэм аажмаар суларч болзошгүй.
- Хамгийн муу хувилбар (30%)
Хүчирхэгжсэн Иран
Энэ хувилбарт, эдийн засгийн дарамт нэмэгдэнэ. Трамп дайныг эрт дуусгана. Үүний үр дүнд Ираны дэглэм дахин хүчээ авна. Цэргийн хүчин сэргээнэ. Цөмийн хөтөлбөр үргэлжилнэ. Ингэснээр бүс нутаг илүү тогтворгүй болно. Ялангуяа Персийн булангийн орнууд пуужингийн, дроны тасралтгүй аюулд орно.
АНУ бүс нутагт илүү их цэрэг байрлуулах шаардлагатай болж магадгүй. Үүний зэрэгцээ тээврийн даатгал, хөрөнгө оруулалтын зардал огцом өснө. Мөн Иранд хатуу чиглэлийн улс төрчид илүү хүчирхэг болно.
- Хамгийн сайн хувилбар (10%)
Шинэ Иран — шинэ Ойрхи Дорнод
Энэ хувилбарт, цэргийн дарамт, аюулгүй байдлын байгууллагын сулрал, Ираны иргэдийг гудамжинд гарч дэглэмийг түлхэн унагахад хүргэж магадгүй. Гэхдээ энэ магадлал бага.
Учир нь, агаарын цохилтоор дотоод дэглэмийг унагаах нь маш хэцүү бөгөөд дотоод зохион байгуулалттай сөрөг хүчин байхгүй. Түүхээс харахад, гадаад цэргийн дарамт дангаараа дэглэмийг хурдан унагадаггүй.
Пентагоны төлөвлөгөөний зорилго нь Ираны дотоод засгийн эрхийг унагах биш, гадаад цэргийн нөлөөг сулруулах.
Эдгээр хувилбарууд хоорондоо давхцаж болно
Ираны шинэ удирдагч Можтаба Хаменеи магадгүй Ираны Исламын Хувьсгалын Гвардын бэлгэдлийн удирдагч байж магадгүй. Гэхдээ тэр эрх мэдлээ бүрэн нэгтгэж чадах уу, эсвэл дотоод өрсөлдөөн бий болох уу гэдэг нь тодорхойгүй.
Ираны хувьсгалаар бий болсон улс төрийн систем өв залгамжлалын засаглалыг эсэргүүцэж бий болсон. Гэтэл Можтаба Хаменейн эрх мэдлийн гол үндэс нь эцгийнх нь залгамжлал юм. Тиймээс урт хугацаанд Исламын Бүгд Найрамдах засаг аажмаар сулрах, Ираны ард түмэн улс төрийн өөрчлөлт хийх магадлал бий.
Ямар ч хувилбар байсан АНУ ба Иран хоорондын сөргөлдөөн энэ хямралаар дуусахгүй. Хамгийн магадлалтай үр дүн бол сул дорой болсон Иран, шинэ бүс нутгийн хүчний тэнцвэр, ирээдүй тодорхойгүй хэвээр байх явдал.
Эх сурвалж: CNN










































































