Мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдалгүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарчээ. Тодруулбал, “Монгол дайчин” Э.Цэндбаатар энэ удаагийн тулаанаа дэлхийн контендер түвшний боксчин Тажикстаны Мухаммед Якубовтой дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д хийх юм байна.
Энэ нь Э.Цэндбаатарын 15 дахь тулаан юм. Түүний ээлжит өрсөлдөгчөөр тодорсон М.Якубов нь мэргэжлийн рингэнд 25 тулаан хийхдээ 23-т нь ялалт байгуулжээ. Ингэхдээ 23 ялалтынхаа 12 тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан нэгэн аж. МУГТ Э.Цэндбаатарын хувьд 14 ялалттай яваа бөгөөд түүнийхээ зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан юм.
Мухаммед Якубов дэлхийн чансааны наймдугаарт, Э.Цэндбаатар 16 дугаар байрт эрэмбэлэгдэж буй бөгөөд Якубов манай тамирчнаас нэг насаар ах ажээ.










































































