Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, дулаан цахилгааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станцын суурийн барилга угсралтын ажлыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайн геодезийн ажил амжилттай хийгдэж, 142 цооног өрөмдлөгийн ажлыг дуусгасан байна. Тус станц нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт, ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд байрлах бөгөөд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай юм.
Төслийн гүйцэтгэгчээр “Митайм интернэйшнл” компани шалгарч, барилгын ажил төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа бөгөөд хотын баруун хойд хэсгийг цахилгаан, дулаанаар хангах томоохон эх үүсвэр болох юм. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 2×150 МВт хүчин чадалтай хоёр блоктой бөгөөд утааны хийн NOx, SO2-ыг хянах хяналтын системтэй, эргэлтэд буцлах шаталттай CFB технологитой зуух ашиглах аж.
Станцын барилгын төлөвлөгөөнд усны хэрэглээг багасгасан агаарын хөргөлттэй конденсатор, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэхээр тусгасан байна. Төслийг хэрэгжүүлснээр жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой.
Мөн бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 4.8 сая ГДж дулааны ачааллыг хангах юм. Үүний 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг станцын дотоод хэрэгцээнд зарцуулахаар тооцсон байна.
Ийнхүү Дулааны тавдугаар цахилгаан станц Улаанбаатар хотын цахилгаан, дулааны тогтвортой эх үүсвэр болж, хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.










































































