Засгийн газар зургаан жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авч, тус үйлдвэрийг ТӨХК, дараа нь ТӨҮГ-ын статустай болгосон. Энэ нь зөвхөн үйлдвэрийг төрийн мэдэлд авсан төдийгүй улс даяар цахилгаан, дулаан, ус зэрэг хэрэглээний төлбөрийг зохицуулах, цар тахлын хүнд үед төр, хувийн хэвшил, иргэдийн төлбөрийг даасан ач холбогдолтой байв.
“Эрдэнэт үйлдвэр” энэ хугацаанд нөөцөө нэмэгдүүлж, ажиллах хугацаагаа сунгасан төдийгүй жил бүр улсын төсөвт хэдэн их наядаар хувь нэмэр оруулж, “саалийн үнээ” хэвээр байгаа нь эдийн засгийн хувьд чухал үр өгөөж авчирсантай хэн ч маргахгүй биз.
Анх 2017 оны хоёрдугаар сард УИХ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрд авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан нь ерөнхийдөө тус үйлдвэрийг төрд авах эрх зүйг тодорхой болгосон.
Энэ нь 2016 оны зургадугаар сард ОХУ-ын “Ростех” корпорацаас худалдаж авсан “Монголын зэс корпорац”-ын мэдэлд шилжсэн хувьцааг төрд шилжүүлэх эхлэл болсон юм.
Улмаар 2019 оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, дараа нь тус үйлдвэрийг ТӨҮГ болгон өөрчилсөн бөгөөд 2022 онд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс, металлын группийн бүрэлдэхүүнд оруулжээ.
Гэвч энэхүү шилжүүлэлт хууль эрх зүйн маргаан дагуулсан бөгөөд “Монголын зэс корпорац” Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд гомдол гаргасан.
Дээд шүүх 2017 оны арванхоёрдугаар сард уг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, ТУЗ-ийг төрөөс томилсон шийдвэр хууль зөрчсөн” гэж тогтоосон юм.
Мөн нэр бүхий дөрвөн хуульч 1991 оны хуулиар Засгийн газарт онцгой эрх олгосон шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан.
Цэц 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд маргааныг түдгэлзүүлж, 2024 оны арваннэгдүгээр сард эцсийн шийдвэр гаргаж, онцгой дэглэмийг Үндсэн хуулийн зөрчилтэй болохыг тогтоосон билээ.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд шилжүүлснээс хойш Засгийн газар, “Монголын зэс корпорац”-ын хооронд төлбөр, тооцооны асуудлыг шийдвэрлэх хэлцэл үргэлжилж буй ч маргаан бүрэн дуусаагүй байгаа юм.
“Монголын зэс корпорац” дахин маргаан үүсгэж, өөрсдөд нь буцах эрхгүй болсон 49 хувийн асуудлыг эхлүүлжээ. Уг маргаанд гол үүрэг гүйцэтгэсэн Д.Эрдэнэбилэг тун удахгүй Монголдоо ирэхээр төлөвлөж буй талаар эх сурвалж мэдээлэв. Тэрбээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа 2023 оны гуравдугаар сард хилээр гарсан ч эргэж ирээгүй билээ.









































































