Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны ерөнхийлөгч Жанни Инфантиногийн нэр Украины төртэй холбоотой гэж үздэг “Mirotvorets” нэртэй вэбсайтын хөтөлдөг “аллагын жагсаалт”-д нэмэгдсэн байна. Тус сайт нь улсын дайсан гэж тодорхойлсон хүмүүсийн хувийн мэдээллийг нийтэлдэг аж.
Уг вэбсайт Инфантиног “Украины эсрэг хүмүүнлэгийн түрэмгийлэл үйлдсэн”, мөн Оростой системтэйгээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн Оросын “суртал ухуулгыг түгээхэд тусалсан” гэж буруутгажээ.
Мөн 2019 онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Инфантинод “Найрамдлын одон” гардуулж байсан тухай дурдсан байна.
Украины албан тушаалтнууд Инфантиног саяхан өгсөн ярилцлагадаа Оросын хөлбөмбөгчдийг олон улсын тэмцээнд дахин оролцуулах боломжтой гэж найдаж буйгаа илэрхийлсний дараа хүчтэй шүүмжилсэн аж. Тэрбээр ийм төрлийн хориг, бойкот нь “илүү их бухимдал, үзэн ядалт бий болгодог” гэж хэлсэн байна.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига түүний энэ мэдэгдлийн дараа дэлхийн хөлбөмбөгийн удирдагчийг “ёс суртахууны доройтолтой” хэмээн нэрлэжээ.
2022 оны хоёрдугаар сард Орос, Украины дайн эхэлсний дараа Оросын тамирчид олон улсын спортын ихэнх тэмцээнээс, тэр дундаа FIFA болон UEFA-гийн тэмцээнүүдээс хасагдсан юм.
Москва энэ шийдвэрийг ялгаварлан гадуурхсан, Олимпын дүрмийг зөрчсөн гэж шүүмжилсээр ирсэн билээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт “Спорт болон Олимпын хөдөлгөөнийг хэзээ ч улс төржүүлэх ёсгүй” гэж мэдэгдсэн байна.
Mirotvorets сайт нь албан ёсоор бие даан ажилладаг гэж мэдэгддэг боловч Украины аюулгүй байдлын байгууллагуудтай ойр холбоотой талаар яригддаг аж. Тус сайт дээр гарсан зарим хүмүүс дараа нь амь үрэгдсэн, эсвэл сэжигтэй нөхцөлд нас барсан тохиолдлууд гарч байсан тул үүнийг олон нийт “аллагын жагсаалт” гэж нэрлэх болжээ.
Сайт дээрх бүртгэл бүрт тухайн хүний төрсөн огнооны доор “устгасан огноо” (date of elimination) гэсэн тусгай талбар хүртэл байдаг нь анхаарал татдаг байна.
Эх сурвалж: RT










































































