Талийгаач Аятолла Али Хаменеигийн хүү Можтаба Хаменеи түүний залгамжлагчаар сонгогдож, Ираны шинэ Дээд удирдагч боллоо.
Али Хаменеи 1989 оноос хойш Ираныг удирдсан бөгөөд хоёрдугаар сарын 28-нд Тегеран хотод болсон АНУ-Израилийн цохилтын эхний давлагааны үеэр амь үрэгдсэн.
Ираны Дээд удирдагчийг сонгон шалгаруулах үүрэгтэй Мэргэжилтнүүдийн Ассамблей (Assembly of Experts) даваа гарагт мэдэгдэл гаргаж, “нарийн нягт, өргөн хүрээтэй хэлэлцүүлгийн дараа” Можтаба Хаменеиг сонгосноо зарлажээ.
Ассамблей Ираны ард түмэн, ялангуяа шашны сургуулиуд болон их сургуулийн эрдэмтэн, сэхээтнүүдийг шинэ удирдагчдаа тангараг өргөн дэмжихийг уриалжээ. Шинэ удирдагч нь 1979 оны хувьсгалаар шахыг түлхэн унагасны дараа байгуулагдсан Исламын төрийн тогтолцоог цаашид бэхжүүлэх үүрэгтэй аж.
Можтаба Хаменеи 1969 онд төрсөн бөгөөд Али Хаменеин зургаан хүүхдийн хоёр дахь нь юм байна. Тэр залуудаа 1980-аад оны Иран-Иракийн дайнд сайн дурын цэрэг болж оролцож байжээ. Дараа нь Ираны хамгийн ариун хотуудын нэг бөгөөд шиа шашны томоохон төв болох Кум хотод шашны ухаан судалсан аж.
Можтабагийн эгч болон хэд хэдэн төрөл садан нь түүний аавыг хөнөөсөн тэрхүү агаарын цохилтын үеэр мөн амь үрэгдсэн гэж мэдээлжээ.
Ираны Исламын хувьсгалт хамгаалагчдын корпус (IRGC) өөрийн хэвлэл мэдээллийн байгууллага болох Sepah-аар дамжуулан шинэ дээд удирдагчдаа үнэнч байхаа илэрхийлсэн байна.
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани Ассамблей тасралтгүй үргэлжилж буй агаарын довтолгоонуудын дунд, тэр дундаа өнгөрсөн долоо хоногт Кум хот дахь Ассамблейн төв байр цохилтод өртсөн ч хурлаа хийж чадсанд талархал илэрхийлжээ.
Тэрбээр “Али Хаменеиг нас барсны дараа улс төрийн мухардал үүснэ гэж найдаж байсан “дайснуудын заль мэх”-ийг үл харгалзан шинэ дээд удирдагчийг цаг алдалгүй, зохион байгуулалттайгаар сонгосон” гэж мэдэгдсэн байна.
Можтаба Хаменеи дээд удирдагчаар томилогдсон энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай дайныг зогсоох хэлэлцээр зөвхөн Ираны “ямар ч болзолгүй бууж өгөх” нөхцөлөөр л боломжтой гэж мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: RT










































































