Монголын нүүдэлчдийн ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” энэ жил 20 дахь удаагаа энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж байна.
Энэ удаагийн наадамд Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас 30 гаруй бүргэдчин оролцож байгаа бол Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Киргиз Улс, Испани, Унгар, ОХУ-аас нийт 16 тамирчин оролцож байна.

Бүргэдийн баяр – уламжлал, уралдаан, урлагийг нэг дор цогцлоосон наадам
Наадмыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг. Тэмцээнд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургаж бэлдсэн морьтой жагсан орж ирдэг. Энэ үеэр уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, загвар, бүргэд, морьны тоноглолыг нарийн шүүн, хамгийн шилдэг үндэсний хувцас, бүргэдчин, морьдыг тодруулдаг билээ.
Мөн наадмын хүрээнд казах үндэстний урлагийн тоглолт, гар урлал, хувцас хэрэгсэл, хоолны үйлчилгээ, казах гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягийг ойроос танилцах боломжтой юм.

“Шувуучлахуй” – 6000 жилийн уламжлал
Монголчуудын хувьд махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийдэг уламжлалыг “Шувуучлахуй” гэж нэрлэдэг. Төв Азийн нүүдэлчид бүргэдээр ан хийх энэхүү аргыг 6000 жилийн турш хадгалж ирсэн. Энэ уламжлал нь 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн билээ.
Зохион байгуулалт, дэмжлэг
“Бүргэдийн баяр-2026”-г Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо хамтран зохион байгуулж, ССАЖЗЯ болон Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжин ажиллаж байгаа аж.
Энэхүү баяр нь Монголын нүүдэлчдийн өв уламжлал, соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт платформ болж буйгаараа онцлогтой юм.











































































