Италид гуравдугаар сарын 6-ны баасан гарагт XIV Өвлийн Паралимпийн наадам албан ёсоор эхэллээ. Наадмын нээлтийн ёслол Верона хотын эртний амфитеатрт болж, Өвлийн Олимпийн наадам дууссанаас 12 хоногийн дараа Сержо Маттарелла Италийн цагаар 21:19-д наадам нээдсэнийг зарласан байна.
Олимпийн галыг дахин асаах ёслол хоёр өөр газар нэгэн зэрэг болжээ. Тодруулбал, наамдын галыг Энхийн нуман хаалга (Arch of Peace), Кортинa д’Ампеццо хотын Пьяцца Дибона талбай (Piazza Dibona) талбайд асаасан байна.
Зарим улс нээлтийн ёслолыг бойкотлов
Украин, Чех, Эстони, Финланд, Латви, Литва, Польш зэрэг улсууд нээлтийн ёслолыг бойкотолсон (эсэргүүцэн оролцохоос татгалзах) байна. Учир нь, ОХУ болон Беларусийн тамирчдыг саармаг статустай биш, харин өөрсдийн улсын далбаан дор оролцохыг зөвшөөрсөнтэй холбоотой аж.
Харин 2026 оны Өвлийн Олимпийн наадамд эдгээр орны тамирчид саармаг тамирчин гэсэн статустай оролцож буй юм.
Нээлтийн үеэр Оросын тамирчид жагсан өнгөрөхөд үзэгчид дургүйцэж буйгаа илэрхийлэн угтсан байна. Мөн 2014 оноос хойш анх удаа нээлтийн ёслолд Оросын төрийн далбааг Италийн нэгэн сайн дурын ажилтан барьж явжээ.
Зарим орны баг тамирчид жагсаалд оролцсонгүй
Зарим улс, тухайлбал Герман, Франц, Их Британи, Канад зэрэг орны багууд тамирчдын жагсаалд оролцоогүй байна. Тэд үүнийг спортын шалтгаантай гэж тайлбарласан аж.
Жишээлбэл, Германы Германын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын холбоо (DBS) “Тамирчид удахгүй болох тэмцээнд төвлөрч байна” гэж мэдэгдсэн бөгөөд мөн Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Германаас Паралимпийн наадамд 40 тамирчин, 8 дагалдагч ирсэн бөгөөд энэ нь тус улсын хувьд Өвлийн Паралимпийн түүхэнд хоёр дахь том бүрэлдэхүүнтэй оролцож буй явдал болсон байна. Германы тамирчид зөвхөн керлингийн төрөлд оролцохгүй ажээ.
Орос, Беларусийн тамирчдыг улсынхаа далбаан дор оролцохыг зөвшөөрсөн
Олон улсын олимпийн хороо хоёрдугаар сарын 17-нд мэдэгдэхдээ Милан болон Кортинa д’Ампеццо хотуудад болох 2026 оны Өвлийн Паралимпийн наадамд Орос, Беларусийн тамирчдыг өөрсдийн улсын далбаан дор оролцохыг зөвшөөрсөн гэж мэдээлсэн. Паралимпийн наадамд 6 орос, 4 беларусь тамирчин оролцох урилга авчээ.
Өмнөх шийдвэрүүд
Олон улсын олимпийн хороо 2025 оны есдүгээр сард Орос болон Беларусийн Паралимпийн хорооны гишүүнчлэлийг сэргээсэн. Эдгээр хороодыг Украинд дайн эхэлсний дараа түр түдгэлзүүлээд байсан юм.
Ингэснээр эдгээр улсын тамирчид Италид болох наадамд улсын далбаан дор оролцох боломж бүрдсэн ч эцсийн шийдвэрийг тухайн спортын олон улсын холбоод гаргах ёстой байв.
Спортын маргааны арбитрын шүүх (CAS) 2025 оны арванхоёрдугаар сард Орос, Беларусийн тамирчдын гаргасан давж заалдах хүсэлтийн зарим хэсгийг хангаж, тэднийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн Олон улсын цанын болон сноубордын холбоо (FIS)-ны шийдвэрийг хэсэгчлэн өөрчилсөн.
Ингэснээр Паралимпийн тамирчид саармаг статустай биш, өөрсдийн улсын бэлгэдэлтэйгээр FIS-ийн тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ.
Үүний дараа Орос, Беларусийн паралимпийн тамирчид завсарлагааны дараа анх удаа улсынхаа далбаан дор олон улсын тэмцээнд оролцсон. Энэ нь нэгдүгээр сард Финстерау хотод болсон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын гүйлтийн цанын Дэлхийн цомын тэмцээн байв.
Эх сурвалж: DW










































































