Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын терминалд халдлага болж, үүний улмаас хүмүүсийг аюулгүй байдлын үүднээс зохион байгуулалттайгаар нүүлгэн шилжүүлэх ажил хийж байгаа талаар РИА Новости агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
Сурвалжлагчдын хэлснээр, нисгэгчгүй дрон терминалын ойролцоо дэлбэрсэн, эсвэл терминал мөргөсөн байж болзошгүй бөгөөд одоогоор бүх зорчигч, ажилтнуудыг гадагш гаргах ажиллагаа үргэлжилж буй юм байна.
Дубайн эрх баригчдын мэдээлснээр, халдлагын улмаас дөрвөн хүн гэмтжээ. Удалгүй нисэх буудлын дөрвөн ажилтны биеийн байдал хэвийн байгааг баталжээ. Al Jazeera телевизийн мэдээлснээр, нисэх буудлын барилгын зарим хэсэг эвдэрсэн байна.
Энэхүү халдлага нь АНУ болон Израилийн Иранд хийсэн өргөн хүрээтэй цэргийн ажиллагаатай холбоотой гэж таамаглаж буй аж. Бямба гарагт эхэлсэн уг ажиллагааны гол зорилго нь Тель-Авивын мэдэгдсэнээр Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх явдал байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны хөлөг онгоц, батлан хамгаалах үйлдвэрийг устгах, мөн Ираны иргэдийг дэглэмээ өөрчлөхийг уриалсан гэж мэдэгджээ. Үүний хариуд Иран Израиль болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн объектуудад цохилт өгч, түүгээр зогсохгүй иргэний дэд бүтэц, байгууллагууд ч цохилтод өртсөн мэдээлэл цацагдаж, олон хүн гэмтэж, амь үрэгдсэн талаар мэдээлсэн аж.
Олон улсын түвшинд энэхүү халдлага, цэргийн ажиллагаанд Орос улс анхаарлаа хандуулж, АНУ, Израилийн үйлдлийг “цөмийн зэвсгийн тархацыг хязгаарлах зорилготой биш” хэмээн шүүмжилж, хэлэлцээ хийхийг уриалсан байна. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд энэхүү асуудлыг зохицуулахад бэлэн болохоо онцолжээ.
Энэхүү үйл явдал нь зөвхөн Дубай, Иран, Израиль, АНУ-ын дотоод асуудал төдийгүй бүс нутгийн аюулгүй байдал, иргэний аюулгүй байдалд шууд нөлөөлж буй томоохон хэрэг бөгөөд олон улсын анхаарлыг татаж байна гэж шинжээчид дүгнэж байна.
AL Jazeera агентлаг “Ираны дронЫ халдлагын улмаас Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын зорчигчдын терминалд эвдрэл гарч, дөрвөн хүн гэмтсэн байна. Дубайн нисэх буудлын хэвлэлийн албанаас мэдээлснээр, онцгой байдлын багуудыг холбогдох эрх бүхий байгууллагуудтай уялдуулан шуурхай ажиллуулж байна” гэж мэдээлэв.
Эх сурвалж: RIA NOVOSTI, AL JAZEERA












































































