Түүнийг магтмаар санагдав… Монгол Ардын Намын улс төрийн гал тогоон олон жил чанагдаж, яг 2016-2024 оны хооронд тасралтгүй ажиллаж, намын стратеги, сонгуулийн амжилтыг зохион байгуулж, МАН-ыг дөрвөн удаа ялалт байгуулахад хүргэсэн Дашзэвэгийн Амарбаясгаланг намын гишүүнээс түдгэлзүүлсэн нь улс төрийн хүрээнд онцгой анхаарал татсаар байна.
Тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуулийн 65 суудлыг, 2020 онд 62 суудлыг, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигчийг ялалт байгуулахад голлон оролцож, 2024 оны УИХ-ын сонгуульд дахин олонхийн суудлыг баталгаажуулсан туршлагатай улс төрч бөгөөд улс төрчийн ур чадвар, бодлогын нарийн зохион байгуулалт нь энэ бүх амжилтыг авчирсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.
Д.Амарбаясгалан намын дотоод үйл ажиллагаанд зөвхөн “аялдан дагагч” бус, бие даасан бодлого, судалгаанд тулгуурласан шийдвэр гаргадаг, үнэт зүйл, үзэл бодлоо хадгалж ажилладаг байсан нь зарим бүлэглэлд таалагдаагүй байж болзошгүйг ажиглагчид хэлж буй. Улмаар түүний зарим шийдвэр тэдэнд айдас төрүүлсэн байж мэднэ.
МАН-ын дотоод бүлэглэлүүд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй атал олон нийтийн шүүхээр урьдчилан шийтгүүлж буй нь улс төрийн ёс зүйн хувьд зөв зүйл биш юм. Өнөөдөр түүнийг дагаж, хамт ялалт байгуулж, албан тушаал ахиж, боломж бүхнийг атгаж явсан хүмүүсийн олонх нь бүлх залгисан мэт дуугүй байгаагийн цаана Монголын улс төрийн соёлын нэгэн “том асуудал” нуугдаастай нь харагдаж байна.
Д.Амарбаясгалан 20 жил МАН-ыг тасралтгүй удирдан ажиллахдаа гал тогооны бүх шатны асуудлыг зохицуулж, хэвлэлийн албанаас эхлээд дээд удирдлагын бодлогыг хэрэгжүүлж, сэтгүүлчид, олон нийттэй ойр ажилласан. Энэ нь ч түүнийг улс төрийн соёл, харилцааны өндөр мэдрэмжтэй болгосон гэхэд хилсдэхгүй.
Гэвч өнөөдөр МАН-д үүссэн нөхцөл байдал, түдгэлзүүлсэн шийдвэр нь түүний хувь хүн, улс төрийн эрх мэдлийг зогсоохоос илүү МАН доторх бүлэглэлүүдийн авлига, эрх ашиг, хяналтыг тодотгож, нам, төрийн байгууллагад цэвэрших боломжийг нээж өгч байна гэж олон улс төр судлаач үзэж байна.
Үүнээс гадна Д.Амарбаясгалангийн хувьд нэр цэвэр байж, улс төрийн замналаа үргэлжлүүлэн, шударга ёсны зарчмыг сахих нь өнөөгийн нийгэмд чухал шаардлагатай болж буй.
Шүүх эцсийн шийдвэрээ гаргана, гэм буруутай эсэхийг тогтооно, харин нийгэмд үнэн зөвийг хамгаалах, нам, төрийг цэвэршүүлэх үйл ажиллагаа одооноос эхлэх хэрэгтэй. Энэ үйл явц нь Д.Амарбаясгалангийн улс төрийн шинэ үе, түүний бодлогын үргэлжлэл, улс төрийн нэр хүндийг баталгаажуулах эхлэл болж чадахыг ажиглагчид онцолж байна.













































































