Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулах шийдвэр гарсан.
Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 5-ны 16:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй зарласан.
Шалгаруулалтад дотоод, гадаадын 5 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж саналаа ирүүлжээ.

Хувийн хэвшлийн төлөөлөл, урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогчдод ажлын хэсэг үнэлгээний өмнөх уулзалтыг энэ оны нэгдүгээр сарын 29-нд зохион байгуулсан. Хуралд нийт 5 компанийн төлөөлөл болон Хүннү хотын захирагчийн албаныхан оролцож, сонгон шалгаруулалтын талаар тодруулжээ.
Өнөөдрийн байдлаар урьдчилсан шалгаруулалтад шаардлага хангасан 5 оролцогчоос 3 нь хураангуй жагсаалтад багтжээ. Үүнд:
- “Ньюком” ХХК,
- “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК,
- “Шийриз стоун” ХХК жагсаалтад багтаад байна.













































































