Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун бямба гарагт өсвөр насны охиныхоо хамт буудлагын талбайд байгаа зургуудаа олон нийтэд дэлгэв. Эдгээр нь түүнийг ирээдүйн залгамжлагч байж болзошгүй хэмээн сурталчилж буй хамгийн сүүлийн үеийн пропаганда буюу хүмүүсийг итгэн үнэмшүүлэх зорилготой зургууд аж.
Төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун охиныхоо хамт, мөн төрийн нөлөө бүхий дүү Ким Ё Жон болон бусад албаны хүмүүсийн хамтаар винтовоор бууджээ. Уг зэвсгүүдийг Ким Жон Ун цэргийн удирдлагуудад бэлэглэн, эрх баригч намдаа үнэнчээр зүтгэснийг нь хүндэтгэсэн байна.
Нийт 27 зураг олон нийтэд цацагдсан бөгөөд тэдгээрийн нэг охин нь мэргэн буудагчийн винтовоор буудаж буй зураг бөгөөд CNN-ий шалгаснаар хиймэл оюун ухаанаар засварлагдсан байж болзошгүй гэж тэмдэглэгджээ. CNN дөрвөн зургийг нягталсан бөгөөд зөвхөн уг зурагт AI ашигласан шинж илэрсэн байна.

Хойд Солонгосын удирдагчийн охин Ким Жү Э-гийн насыг өсвөр үе буюу арван хэдтэй гэж үздэг. Тэрхүү зураг олон нийтийн анхаарлыг улам ихээр татжээ.
KCNA-ийн мэдээлснээр Ким Жон Ун цэргийн гол удирдлагуудад “шинэ үеийн мэргэн буудагчийн винтов” бэлэглэж, үүнийг “жинхэнэ гайхамшигтай зэвсэг” хэмээн онцолсон байна.
Энэхүү буудлагын арга хэмжээ нь Солонгосын Ажилчны Намын их хурлын дараа болжээ. Уг хурлаар Ким Жон Уны удирдлагыг санал нэгтэйгээр дахин баталжээ. Мөн энэ хурлаар Ким Ё Жон намын нэг хэлтсийн даргаар дэвшиж, дотоод хүрээндээ байр сууриа улам бэхжүүлсэн байна. Түүнчлэн нам, армийн хэд хэдэн өндөр албан тушаалд залуу, үнэнч кадруудыг томилжээ.
Гэсэн ч олны анхаарал Ким Жон Уны охинд төвлөрсөн хэвээр байгаа аж. Тэрбээр аавынхаа хамт нийслэл Пёньян хотын Ким Ир Сений талбай дээр 14 мянган цэрэг ёслолын марш хийж буйг ажигласан байна. Тус талбай нь түүний элэнц өвөө Ким Ир Сений нэрэмжит юм.
Ким Жү Э өмнө нь ч пуужингийн туршилт, намын чухал арга хэмжээнүүдэд аавынхаа хамт оролцож байсан нь түүнийг 1950 онд Солонгосын дайн эхэлэхээс өмнө тус улсыг удирдаж ирсэн Кимийн угсааны дөрөв дэх үеийн залгамжлагч байж магадгүй гэсэн таамгийг улам нэмэгдүүлжээ.

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага энэ оны хоёрдугаар сард “Ким Жон Ун охиноо залгамжлагчаар тодруулах шатандаа орсон байж болзошгүй” хэмээн дүгнэсэн байна.
Хэдий тийм боловч Хойд Солонгос охины албан ёсны үүрэг, байр суурийн талаар ямар нэг баталгаатай мэдээлэл өгөөгүй хэвээр байгаа аж. Гэсэн ч мэргэн буудагчийн винтовоор буудаж буй гэх зураг олны анхаарлыг бүр ч ихээр татаж буй юм.
Сөүл хот дахь University of North Korean Studies-ийн профессор Ян Му Жин “Chosun Daily” сонинд ярилцлага өгөхдөө “Ким Жү Э буу ашиглаж чаддаг гэдгийг онцолж буй нь түүнийг залгамжлагчийн бэлтгэлд хамруулж эхэлснийг илтгэж байна” хэмээн ярьжээ.
Бусад зургууд дээр Ким Жү Э-гийн арьсан хүрэм өмсөн, дурангаар ажиглалт хийж буй, мөн аавынхаа хамт бусдад винтов гардуулж буй нь дүрслэгдсэн байна.
Эх сурвалж: CNN













































































