Монголын улс төрийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ой маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 1-нд тохиож байна. Түүхэн ойгоо угтан эрх баригч нам дотоод зохион байгуулалтын болон бодлогын арга хэмжээнүүд өрнүүлж, шилдэг намын хороодоо шалгаруулахаар болжээ.
Ойн хүрээнд намын Бага хурлын II хуралдаан өчигдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 27-нд болж, гурван тогтоол баталснаар өндөрлөв. Хуралдааны даргалагчаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нар ажилласан.
Хуралдааны эхний хэсэгт МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” сэдэвт улс төрийн илтгэл тавьсан билээ. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх тайлан мэдээллийг танилцуулсан бол намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн судалгааны үр дүнгийн талаар илтгэсэн.
Түүх сөхвөл, одоогоос 105 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах эрхэм зорилгын дор “Анхны долоо” хэмээн алдаршсан эх орончид 1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Ардын намыг байгуулсан нь өнөөгийн МАН-ын үндэс суурь болжээ.
Хуралдааны дараагийн хэсэгт Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хороо салбар хуралдаанаа тус тус зохион байгуулж, гаргасан санал, зөвлөмжөө Бага хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулсан байна. Улмаар намын бүх түвшинд хэрэгжүүлэх “Гишүүн төвтэй нам – 4Е стратеги”-ийг хэлэлцэн баталжээ.
Мөн намын дарга Н.Учралын танилцуулсан намын гишүүдийн идэвх, оролцоог үнэлэх, оноожуулах журмыг баталж, Хяналтын Ерөнхий Хорооны “Маргаан шийдвэрлэх журам”-ыг тус хорооны дарга Т.Мөнхтөр гишүүдэд танилцуулан батлуулсан байна.
Бага хурлын II хуралдааныг хааж үг хэлэхдээ МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын хороод цаашид илүү идэвхтэй, олон гишүүнийг хамруулсан, бодлого ярьж, бодит ажилд чиглэсэн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай” хэмээн онцолж, энэ удаагийн Бага хурлыг ажил хэрэгч, бодлого төвтэй хурал болсныг тэмдэглэжээ.













































































