Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац Израиль улс хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт Ираны эсрэг урьдчилан сэргийлэх цохилт өгсөн талаар мэдэгдэв. Тэрбээр мэдэгдэлдээ “Израиль улс өөрийн аюулгүй байдалд заналхийлж буй аюулыг арилгах зорилгоор Ираны эсрэг урьдчилан сэргийлэх цохилт эхлүүллээ” хэмээн дурджээ.
Израилийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн хэлснээр, уг ажиллагааг хэдэн сарын турш төлөвлөсөн бөгөөд эхлэх товыг хэдэн долоо хоногийн өмнө тогтоосон аж.
Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Тегеран хотын төв хэсэгт гурван удаагийн дэлбэрэлт болж, өтгөн утаа суунагласан байна. Нийслэлийн зүүн болон баруун хэсгийн зарим дүүрэгт гар утасны холбоо тасалдаж, интернэт тасалдаж эхэлжээ. Fars агентлагийн мэдээлснээр, Исфахан, Кум, Караж, Керманшах хотуудад мөн дэлбэрэлт болсон байна.
AP: Цохилтын нэг бай нь Хаменейн ажлын байр байжээ
Associated Press агентлагийн мэдээлснээр, Израилийн цохилтын нэг зорилт нь Ираны дээд удирдагч Али Хаменеийн ажлын байр байжээ. Харин Reuters агентлагт Ираны засгийн газрын төлөөлөгч мэдэгдэхдээ, Хаменеийг “аюулгүй байршилд шилжүүлсэн” бөгөөд Тегеранд байхгүй гэжээ.
Үүний зэрэгцээ нийслэл хотын шатахуун түгээх станцуудын дэргэд урт дараалал үүсэж, олон иргэн хотыг орхин гарч байгаа талаар Reuters-ийн сурвалжлагчид мэдээлсэн байна. Mehr агентлагийн мэдээлснээр, тагнуулын байгууллагын байр, ерөнхийлөгчийн цогцолбор, мөн Тегераны нисэх онгоцны буудал халдлагад өртжээ.
Израильд агаарын түгшүүр зарлалаа
Израилийн Батлан хамгаалах хүчин ЦАХАЛ Иранаас хариу цохилт өгөх магадлалтайг анхааруулж, улс даяар агаарын түгшүүр зарласныг мэдэгдэв. Иргэний нислэгүүдийн хувьд Израилийн агаарын орон зай хаагдсан байна.
Мөн Израилийн арми улс орныг “онцгой дэглэмд” шилжүүлж буйгаа зарлажээ. Энэ хүрээнд сургууль, их дээд сургуулиудыг хааж, олон нийтийн арга хэмжээг цуцалж, ихэнх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоон, зөвхөн амин чухал үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана.
АНУ Израилийн цэргийн ажиллагаанд оролцож байна
АНУ Израилийн Ираны эсрэг хийж буй цэргийн цохилтод оролцож байгаа тухай The New York Times сонин Америкийн засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээллээс иш татан уламжилжээ. Удалгүй Израилийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч энэ мэдээллийг баталсан байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Катар дахь Элчин сайдын яам бүх ажилтнаа “байрнаасаа гарахгүй байх” (shelter-in-place) дэглэм тогтоож, Америкийн иргэдэд мөн дараагийн заавар хүртэл ижил арга хэмжээ авахыг зөвлөжээ.
Эх сурвалж: DW













































































