Монгол Ардын Намын Бага хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр намынхаа зарим гишүүний гэмт хэрэгтэй холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэв.
Тухайлбал, нүүрсний хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээс гэм буруутайг нь тогтоосон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр суллагдах гэж байгаа аж. Шүүх түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах шийдвэр гаргаж, 2 жил 6 сарын хорих ял оноосон. Энэ шийдвэрийг шүүх 2024 оны есдүгээр сарын 13-нд гаргаж байжээ.
Мөн МАН-ын Бага хурлын танхимд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат сууж буй нь анхаарал татсан. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа гадаадад оргон зайлсан бөгөөд тухайн үеийн мэдээллээр эрэн сурвалжлагдаж байв.
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс 2023 оны гуравдугаар сарын 23-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Шалгалтын хугацаанд буюу 2023 оны аравдугаар сард улсын хилээр гарч, улмаар ирээгүй тухай Нийслэлийн Прокурорын Газраас 2025 оны нэгдүгээр сарын 27-нд мэдээлж байсан билээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Ж.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан ч өөрөө хүсэлт гаргаж, эх орондоо ирсэн. Ирснийх нь дараа шүүгч хилийн хориг тавьснаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ж.Мөнхбат харин Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар шиг хилийн цаанаас яриад байлгүй ирж байна” гэв.
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас нүүрсний хэрэгтэй холбоотой гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр “Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 4/04 дугаартай тогтоолын дагуу нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлтийн төлбөртэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг томилогдсон.
Ажлын хэсэгт АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын 21 мөрдөгч ажиллаж, нийт 103 хэргийг шалгаснаас 59-ийг нь шийдвэрлэж, 83 холбогдогчтой 15 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бол одоо 36 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй аж”
Энэхүү мэдээлэл нь МАН-ын зарим гишүүний хууль зөрчсөн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэр, мөрдөн шалгах ажил хэрхэн явж байгаа талаар илүү тодорхой ойлголт өгч буй юм.













































































