Өдгөө 22 настай, 2027 онд Корнеллийн их сургуулийг төгсөх байсан монгол оюутанд АНУ-ын Нью-Йорк мужийн Томпкинс дүүргийн шүүх нэгдүгээр зэргийн хүчин болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн хэргээр тус бүр 8 жилийн хорих ял оноосон тухай шүүхийн албан ёсны баримтад дурджээ. Энэхүү мэдээллийг “The Sun” сонин мэдээлсэн байна.
Шүүхээс эдгээр ялыг давхардуулан эдлүүлэх (concurrent) шийдвэр гаргасан тул Б.Энхбаяр хамгийн ихдээ нийт 8 жил хорих ял эдлэх аж.
Хэргийн талаар
Прокурорын байгууллагаас 2024 оны арваннэгдүгээр сард гаргасан хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Б.Энхбаяр нь эмэгтэй оюутны дотуур байрны өрөөнд хууль бусаар нэвтэрч, гэмт хэрэг үйлдэх санаатайгаар орж, биеэ хамгаалах чадваргүй байсан этгээдтэй бэлгийн харьцаанд орсон нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Уг мэдэгдлийг дүүргийн прокурор Мэттью Ван Хаутен гаргажээ.
Түүнийг 2024 оны есдүгээр сард их тангарагтны шүүхээс яллах дүгнэлт гарсны дараа баривчилж, улмаар нэг долоо хоног үргэлжилсэн тангарагтны шүүх хурлын дараа 2024 оны арваннэгдүгээр сарын 24-нд бүх зүйл ангид зааснаар гэм буруутайд тооцсон байна.

Ялын тухай
Нью-Йорк мужийн хуулиар нэгдүгээр зэргийн хүчин нь хүчиндэх гэмт хэргийн хамгийн хүнд ангилал бөгөөд “B” зэрэглэлийн ноцтой гэмт хэрэгт тооцогддог. Энэ зүйл ангиар буруутай нь тогтоогдвол хамгийн ихдээ 25 жил, хамгийн багадаа 5 жилийн хорих ял оноох зохицуулалттай аж.
Прокурор
- хүчингийн хэрэгт 15 жилийн хорих ял,
- орон байранд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт 10 жилийн хорих ял
оноох санал гаргасан бөгөөд үүнийгээ “хохирогчид учирсан ноцтой, хэмжээлшгүй сэтгэл зүйн хохирол”, мөн шүүгдэгч үйлдэлдээ гэмшээгүй, хариуцлага хүлээх байр суурь илэрхийлээгүй гэж тайлбарласан байна.
Гэсэн ч шүүх эцсийн байдлаар 8 жилийн хорих ял оноож, түүнчлэн ял эдэлсний дараах 10 жилийн шүүхийн хяналт (post-release supervision) тогтоожээ. Энэ хугацаанд Б.Энхбаяр дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, шүүхээс тогтоосон бүх үүргийг биелүүлэх хуулийн шаардлагатай ажээ.
Намтар, боловсрол
Б.Энхбаяр нь Монгол Улсын иргэн, олон улсын оюутан бөгөөд Томүжин Альтернатив сургуулийг төгсөж, хоёр жилийн завсарлага (gap year) авсны дараа Корнеллийн их сургуульд 328 мянган ам.долларын тэтгэлэгтэйгээр суралцаж байсан аж.
Эх сурвалж: CORNELL SUN













































































