АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон пүрэв гарагт Конгрессын хууль тогтоогчдын өмнө мэдүүлэг өгч, гэр бүлийнх нь Жеффри Эпштейнтэй холбоотой гэх асуудлаар өөрөөс нь асуусан бүх асуултад өөрийн мэдэх хүрээнд бүрэн хариулсан хэмээн мэдэгдэв.
Тэрбээр Эпштейний гэмт хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэдгээ хатуу онцолж, Бүгд Найрамдах намынхныг мэдүүлгийг хаалттай явуулсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.
Нью-Йорк хотод, өөрийн амьдардаг газрын ойролцоо болсон энэ 6 цаг хагасын турш үргэлжилсэн хаалттай мэдүүлгийн дараа Клинтон сэтгүүлчдэд хандан “Би тэдний асуусан асуулт бүрт, өөрийн мэдэж байсан зүйлдээ тулгуурлан, аль болох бүрэн хариулсан” гэж хэлсэн байна.
Тэрбээр Жеффри Эпштейнтэй хэзээ ч уулзаж байгаагүй, харилцаж байгаагүйгээ дахин дахин тодотгож, “Би Жеффри Эпштейнийг таньдаггүй’ гэж хэдэн удаа хэлснээ ч мэдэхгүй байна” хэмээн онцолжээ.
Клинтон Гислейн Максвеллийг гэмт хэрэгтэй нь холбогдуулан шүүгдэхээс нь өмнө танилын түвшинд л мэддэг байсан аж. Максвелл 2010 онд охин Челси Клинтоны хуримд өөр нэг уригдсан хүний зочин (plus one) байдлаар ирсэн гэж тайлбарлажээ.
Мөн тэрбээр Бүгд Найрамдах намын удирдлага, Төлөөлөгчдийн танхимын Хяналт, шалгалтын хороо олон нийтэд нээлттэй сонсгол явуулахаас татгалзсаныг шүүмжилж, ингэснээр өөрөө мэдүүлгийнхээ агуулгыг сэтгүүлчдэд тайлбарлахад хүрсэнээ хэлсэн байна.
Энэхүү мэдүүлэг нь Бүгд Найрамдах намын удирдаж буй хорооны Эпштейнтэй холбоотой мөрдөн шалгалтын хүрээнд хийгдэж буй хамгийн анхаарал татсан ярилцлагуудын нэг болжээ.
Анх Клинтончууд үүнийг улс төрийн зорилготой дайралт гэж үзэн, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан ч “Конгрессыг үл тоомсорлосон” гэх эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэл үүссэний дараа байр сууриа өөрчилсөн аж. Билл Клинтон маргааш мэдүүлэг өгөх юм байна.
Мэдүүлэг эхнээсээ л хүчтэй улс төрийн зөрчилтэй уур амьсгалд өрнөжээ. Клинтон нээлтийн үгэндээ яагаад Эпштейнтэй холбоотой байсан бусад хүмүүс, тухайлбал Дональд Трампыг асууж шалгаагүй вэ хэмээн асуусан байна.
Ярилцлагын явцад Бүгд Найрамдах намын гишүүн Лорен Бобертын өгсөн зургийг консерватив подкастер Бенни Жонсон X сүлжээнд нийтэлснээс болж мэдүүлгийг түр зогсоох хүртэл арга хэмжээ авсан нь Ардчилсан намынхныг Дотоод журмыг зөрчсөн гэж буруутгасан аж.
Хорооны дарга Жэймс Комер мэдүүлгийг “үр дүнтэй” болсон гэж дүгнэсэн ч Клинтон олон асуултад “Үүнийг би мэдэхгүй, нөхрөөс минь асуух хэрэгтэй” гэж арав гаруй удаа хэлсэн хэмээн мэдэгджээ.
CNN-ийн асуултад Клинтон нөхөр нь Эпштейний гэмт хэргийн талаар мэддэггүй байсан гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж, Эпштейнтэй холбоотой харилцаа нь ямар нэг гэмт хэрэг ил болхоос олон жилийн өмнө тасарсан гэж хэлжээ.
Мэдүүлгийн сүүл хэсэгт Бүгд Найрамдах намын гишүүд UFO болон “Pizzagate” гэх хуйвалдааны онолын талаар асуулт асуусан аж. Клинтон “Маш этгээд, хачирхалтай асуултууд байлаа” хэмээн тодорхойлсон байна.
Эх сурвалж: CNN













































































