Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан “Эрх чөлөөний дөрвөн зам – дөрвөн чөлөөлөлт” уриатай өнөөдөр /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд эхлэв.
Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлэн оролцож байгаа аж.
Бага хурлын гишүүдийн хамгийн ахмад нь Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон, хамгийн залуу нь 24 настай Д.Баасандорж юм байна.
Энэ удаагийн хуралдаанаар яг одоо Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэлийг сонсож буй юм. Мөн намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөжээ.
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан ихээхэн онцлогтой аж. Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдаан зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж, бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулах юм байна.
Бодлогын хороодын нэрсийг танилцуулбал:
“Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
Хот байгуулалтын бодлогын хороо
Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
Эрүүл мэндийн бодлогын хороо
Технологи, инновацийн бодлогын хороо
Хүний эрхийн бодлогын хороо юм.
Долоон асуудал хэлэлцэнэ
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг танилцууллаа.
Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо.
Тодруулбал, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Дараа нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулахаар болжээ.













































































