Нийгмийн сүлжээнд сүүлийн үед Ардчилсан намын цахим сайтад иргэд регистрийн дугаараа оруулахад тухайн иргэний оршин суух хаяг харагдаж байгаа талаар шүүмжлэл гарч буй. Энэ талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.Гантөмөр тайлбар өгөв.
Сайд Э.Батшугар “Гэрийн хаяг болон регистр бол хүний хувийн мэдээлэл бөгөөд хуулиар хамгаалагдсан байдаг. Тиймээс хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ил болгох хориотой бөгөөд иргэнээс зөвшөөрөл авч байж л мэдээллийг цахим системээр дамжуулж болно.
АН-ын цахим бүртгэлийн мэдээлэл нь ХУР системээс татагдсан бөгөөд иргэн ДАН системд нэвтэрч, хувийн мэдээллийг хуваалцах зөвшөөрлөө цахимаар өгсөн тохиолдолд л харагдах боломжтой” гэж онцоллоо. Мөн ХУР системийг хариуцсан байгууллага нь банкууд болон бусад байгууллагатай гэрээ хийж болох ч гэрээний хуулийн хэрэгжилт, аюулгүй байдлыг хангах нь чухлыг дурджээ.
АН-ын дарга асан Л.Гантөмөр энэ асуудлыг “хуулийн зөрчил үүсгээгүй” гэж тайлбарлав. Тэрбээр цахим программ хангамжийн хөгжүүлэлт, алдаа гарсан эсэх нь тухайн компани хариуцах асуудал болохыг онцолж, намыг шууд буруутгаж болохгүй гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр “Цахим бүртгэл нь цаг үеэ дагаж, олон нийтэд ил тод, нээлттэй байх давуу талтай бөгөөд намын гишүүдийн мэдээллийг зөвшөөрлийн дагуу ил болгож, нэрийг нь сайтад харагдуулах нь төрийн албыг улс төрөөс хол байлгахад тустай.
Тиймээс АН-ын цахим бүртгэл зөв бөгөөд гол нь мэдээллийн аюулгүй байдал, технологийн алдааг цаг тухайд нь засахад оршино. Иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах, зөвшөөрлийг авч, цахим системд бүртгэх нь хуулийн шаардлага, аюулгүй ажиллагааны гол үндэс” хэмээн тэмдэглэжээ.













































































