Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаар дамжуулан Энхтайваны гүүрийг засах төлөвлөгөөний талаар танилцуулав.
Тэрбээр “Энхтайван гүүрний ашиглалтын хугацаа дууссан. Шууд хааж засахад таг түгжрэх тул бид энэ Трамвай төслийг эхлүүлж, трамвайд зориулсан зэрэгцээ гүүрний бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Улмаар автын хөдөлгөөнийг шинэ баригдах гүүр рүү шилжүүлэх замаар Энхтайван гүүрийг засахаар төлөвлөсөн” гэж мэдээллээ.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж буй. НЗДТГ-аас “Трамвай нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг бүрдүүлсэн нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой.
Дундаж хурд нь 30 км/цаг, дээд хурд 60 км/цаг байна. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлнэ.
Түүнчлэн трамвайн эхний шугам Энхтайваны гүүрээр дамжих учраас гүүрийг хүчитгэх, явган замыг өргөтгөн, сайжруулах ажлууд хийгдэнэ. Гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд Гурвалжингийн гүүрийг мөн хүчитгэн бэхжүүлнэ.
Олон төрөлт тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийн тулд Улаанбаатар хотод үл огтлолцох олон түвшний авто замуудыг түлхүү барих юм” гэж мэдээлсэн билээ.












































































