УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эх орондоо эргэн иржээ. Ирэх ирэхдээ МАН-ын золголтод оролцож, улс төрд эргэн эргэж буйгаа зарлах мэт болов.
Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “өршөөсөн” сурагтай. Учир юун гэвээс, У.Хүрэлсүх түүнийг эх орондоо ирж, дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн менежерээр ажиллахыг ятгасан бололтой.
Бүр болоогүй Архангай аймгийн Засаг даргын суудал ч түүнийг хүлээж байгаа гэх “бор шувуу” МАН хавиар нисэлдэж буй юм. Өмнө нь тэр хоёр хонь, чоно мэт багагүй толхилцож байсан билээ.

Сануулахад, тэр гурван жилийн өмнө Авлигатай тэмцэх газар шалгагдах хугацаандаа алга болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч тэрбээр утсаа тасалж, явах эсэхээ хэлэлгүй БНСУ руу ниссэн байдаг.
Ж.Мөнхбат эргэж ирэн “Бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах болно. Ээжээ асарна” гэж мэдээлж байсан. Дараа нь тэрбээр “Би эх орондоо ирж, АТГ-т мэдүүлгээ өгсөн” хэмээн цахим хуудастаа мэдээлэл байршуулсанаас хойш удалгүй дахин харийн орон руу яваад сураг тасарсан.
Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хууль хяналтынхан дуудаж, байцааж, баттай баримт олсон явдал юм. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдтой холбоотой схемээс нүүрсний мөнгөөр “Жаргалант” хотхоныг барьсан баримт гарчээ.
Тухайн хотхоны 46 айлын хаусыг нүүрсний хулгайгаар олсон мөнгөөр барьж, нийт 28 тэрбум төгрөгөөр борлуулсан гэх мэдээлэл бий. Үүнээс гадна Ж.Мөнхбат хэдэн тэрбум төгрөгийн хахууль авч, казинод тоглосон байж болзошгүй гэх баримтыг хууль хяналтын байгууллага олсон бөгөөд уг мөнгөөр нь мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Түүнтэй холбоотой 2007 онд МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа Солонгост Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон, 2016 онд ЗГХЭГ даргаар байхдаа аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Солонгост авчирч казинод оруулсан, 2017 онд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой Солонгосын “Парадайз” казинод тоглосон бичлэг нь цахимд цацагдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байв.













































































