K-pop охидын хамтлаг BLACKPINK YouTube платформ дээр 100 сая дагагчтай, уг амжилтад хүрсэн албан ёсны уран бүтээлчдийн анхны суваг болжээ.
Дэлхийн видеог хуваалцах платформ YouTube болон хамтлагийн агентлаг YG Entertainment-ийн мэдээлснээр, BLACKPINK өнгөрсөн баасан гаргийн орой Сөүлийн цагаар 19:00 цагийн орчимд уг босгыг давсан байна.
Тус хамтлаг 2016 оны зургадугаар сард YouTube сувгаа нээснээс хойш 9 жил 8 сарын дараа энэ амжилтад хүрчээ. Одоогоор тэдний сувагт 648 видео байршиж байгаа аж.
Энэхүү түүхэн амжилтыг тэмдэглэн YouTube зүгээс BLACKPINK-д тусгай Red Diamond Creator Award гардуулсан байна.
YouTube албан ёсны блогтоо “BLACKPINK бол эрч хүчтэй, хүчирхэг эмэгтэй уран бүтээлчдийн төлөөлөл бөгөөд тэдний супер хит дуунууд, сүр хүчтэй тайзны тоглолтууд YouTube дээр дэлхий даяар өндөр үнэлгээ авч байна” хэмээн онцолжээ.
Мөн “Тэд фенүүдтэйгээ харилцах шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлж, YouTube дээрх стандартуудыг тасралтгүй шинэчилсээр ирсэн” гэж нэм өгүүлсэн байна.
BLACKPINK хамтлаг фенүүддээ талархлаа илэрхийлэв
Jennie YouTube дээр “Манай уран бүтээлийг үргэлж сонирхон дэмжиж, асар их хайраар хүрээлж ирсэн бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ гайхалтай рекордыг Blinks-үүдтэйгээ хамтдаа тогтоосондоо бид үнэхээр баяртай байна” хэмээн мэдэгджээ.
Rosé “Албан ёсны уран бүтээлчийн суваг дундаас 100 сая захиалагчтай болсон анхны тохиолдол гэдгээрээ энэ амжилт онцгой утгатай” гэж хэлсэн байна.
Lisa “Юуны өмнө биднийг алхам бүрд харж, сонсож, хамтдаа өсөн дэвжсэн Blinks-үүддээ баярлалаа. Та наргүйгээр бид энд хүрэхгүй байсан” хэмээн онцолжээ.
BLACKPINK 2020 оны долдугаар сард англи хэлээр бус уран бүтээл туурвидаг уран бүтээлчдээс анх удаа YouTube-ийн захиалагчдын тоогоор топ 5-д багтсан юм.
Үүний дараа тэд Ariana Grande, Eminem, Ed Sheeran, Marshmello, Justin Bieber зэрэг дэлхийн оддыг ардаа үлдээн, 2021 оны есдүгээр сард дэлхийд №1 байр эзэлж, өнөөг хүртэл тэргүүллээ хадгалсаар байна.
BLACKPINK нь Ddu-du Ddu-du, Kill This Love зэрэг нийт 9 видеог YouTube-ийн “Billion Views Club”-т багтаасан. Мөн нээлтээсээ хойш 24 цагийн дотор хамгийн их үзэлт авсан топ 10 клипийн 3-ыг эзэмшдэг.
YG-ийн мэдээлснээр, BLACKPINK-ийн 100 саяас дээш үзэлттэй 50 видео бий бөгөөд сувгийн нийт үзэлт 41.1 тэрбум давсан байна.
Түүнчлэн хамтлагийг YouTube дээр хамгийн их үзэлттэй хамтлаг хэмээн Guinness World Records-д бүртгэжээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд BLACKPINK-ийн суваг 3.3 тэрбум гаруй үзэлттэй байсан нь ирэх баасан гарагт гарах гурав дахь EP болох Deadline-ийн өмнөх хүлээлттэй холбоотой аж.
Нэгдүгээр сарын 15-нд шинэ цомгийн талаар мэдэгдсэн видео байршуулснаас хойш сувагт өдөрт дунджаар 10 мянган шинэ дагагч нэмэгдсээр байгаа аж.
YG мэдэгдэлдээ “Дэлхийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлдог платформ дээрх дагагчдын тоо бол үнэнч фэнүүдийн бодит илэрхийлэл юм.
BLACKPINK хэдийнэ дэлхийн хамгийн том уран бүтээлчдийн нэг болсон ч фэнүүдийн тоо тасралтгүй тэлсээр байна” гэж онцолжээ.
Эх сурвалж: YONHAP













































































