Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан Хүний эрхийн бодлогын хорооны анхны хурал өнөөдөр /2026.02.23/ болов.
Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөх, бодлого, чиглэл гаргах зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын 11 хороог байгуулсан бөгөөд энэхүү Хүний эрхийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ажиллаж байгаа аж.
Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар бодлогын хорооны хуралд оролцож, ажиллах чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүний талаар танилцуулж байр сууриа илэрхийлжээ.
Намд боловсон хүчний чадавх, нөөц байгаа ч тэднийхээ оролцоог хангах нь чухал учраас бодлогын түвшинд салбар бүрийн төлөөллийг олноор ажиллуулахаар бодлогын хороодыг байгуулсныг дурдав.
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан удахгүй болох бөгөөд бодлогын 11 хороо тус бүрээр салбар хуралдаан зохион байгуулах юм.
Тодруулбал, Бага хурлын үеэр хүний эрхийн бодлогоор салбар хуралдаан болох тул түүнийг удирдах, оролцох бүрэлдэхүүн, хэлэлцэх асуудал зэргийг Хүний эрхийн бодлогын хорооны энэ удаагийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байгааг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал онцлов.
Мөн тэрбээр хүний эрхийн бодлогод ахиц дэвшил гарсан гээд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт хүний эрхийн талаар тусгасан зүйлс, түүний хэрэгжилтийг урьдчилсан хувиар гаргаснаа танилцууллаа.
Тус хорооны гишүүдэд тухайн салбарын чиглэлээр ажилладаг, судалгаа хийдэг, олон жил мэргэшсэн хүмүүсийг урьж ажиллуулж байгаа бөгөөд орон тооны нарийн бичгийн даргаар Н.Энхчимэг ажиллаж байна.













































































