Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский BBC-д өгсөн ярилцлагадаа Украины байдалд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлээд, Украин ялагдахгүй, харин ялалт байгуулах болно гэж онцолсон байна.
Тэрбээр Путинтэй хийх зуучлалын хэлэлцээрт стратегийн газар нутгаа хураах нөхцөлд орохыг эсэргүүцэж, ийм алхам Украин болон оршин суугчдын аюулгүй байдалд эрсдэл учруулна гэж үзэж буйгаа хэлжээ.
Зеленский “Путин Дэлхийн III дайныг хэдийнэ эхлүүлсэн. Үүнийг зогсоох ганц арга нь цэргийн болон эдийн засгийн хүчтэй дарамт үзүүлэх явдал” гэжээ.
Тэрбээр Путинийг “дэлхийд өөр амьдралын хэв маягийг тулгахыг хүсэж, хүмүүсийн өөрсдийн сонгосон амьдралыг өөрчлөх гэж оролдож байна” гэж тодорхойлсон байна.
Зеленский Украины газар нутгийг өгөх үүрэг, Донецк, Херсон, Запорожьегийн хэсгийг шилжүүлэх тухай Оросын шаардлагыг эрс эсэргүүцэж, үүнийг “зөвхөн газар биш, харин засаглал, олон мянган иргэдээ орхих” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ нь нийгмийг хувааж, эв нэгдлийг алдагдуулах болно” гэж онцолсон байна.
Зеленский Украин ялбал юуг ялалт гэж үзэх талаар хэлэхдээ, Украины ард иргэдийн амьдралыг хэвийн болгох, аллагыг зогсоох гэсэн үндсэн зорилгоо онцолжээ.
Гэхдээ Зеленскийд ялалтын өргөн утга нь зөвхөн Украиныг хамгаалаад зогсохгүй, Путиний түрэмгийлэл зогсож, дэлхий нийтэд аюулгүй байдал хангагдах явдал аж. Учир нь тэр “Путин зөвхөн Украиныг эзлээд зогсохгүй” гэж хэлжээ.
Тэрбээр газар нутгаа эргүүлэн авах нь цаг хугацааны асуудал болохыг онцолж, одоо зохих цэргийн хүч, зэвсгийн хангалт дутагдаж байгааг дурдсан байна.
Зеленскийн үзэж буйгаар, ялалт нь Украины бие даасан байдлыг хадгалах, зөвхөн өөрийн газар нутагтаа буцаан оруулах явдал бөгөөд ингэснээр дэлхий нийтэд шударга ёс, аюулгүй байдлын ялалт болох аж.
Түүнчлэн Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад барууны талыг төлөөлж буй дипломатуудаас дарамт ирж буй талаар дурджээ.
Тэр Украин ялж чадна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд “Путин зогсохгүй, зөвхөн хүчтэй дарамт шаардлагатай” гэж давтан хэлжээ.
Ярилцлагын төгсгөлд Зеленский Путинийг зогсоох нь Украины амжилт, дэлхийн аюулгүй байдлын ялалт юм гэдгийг дахин онцолсон байна.
Эх сурвалж: BBC













































































