Японы Ichikawa City Zoo амьтны хүрээлэнд төрсөн бяцхан сармагчны зулзага Панч төрөөд удалгүй ээждээ хаягдсан тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд гар дээрээ өсгөжээ.
Эхийн халамжийг орлох зорилгоор түүнийг чихмэл тоглоомтой танилцуулсан нь Панчийн хувьд шинэ “ээж” нь болсон байна.
Амьтны хүрээлэнгийн зочид Панчийг тоглоомтойгоо зогсолтгүй наалдаж, чихмэл амьтнаа ээж шигээ тэвэрч суугаа видеог үзээд, сэтгэл нь хөдөлжээ.
Панч чихмэл тоглоом дээр суун хуруугаа долоож, толгойд нь наалдан, заримдаа өлгийдсөн навчийг амаараа мушгиж тоглож буй нь олны анхаарлыг ихэд татаж байгаа аж.
Түүнийг чихмэл тоглоомоосоо хэзээ ч салалгүйгээр энхрийлэн авч явахыг олон удаа харуулсан бөгөөд тэрээр бусад түрэмгий сармагчдын дунд орж амьдарсан ч тоглоомоосоо бүрэн салж чадаагүй байна.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд болох Косүке Шикано (24) болон Шумпэй Миякоси (34) Панчийг ээж нь хаясны дараа гараар тэжээж, хөгжилд нь анхааран ажиглаж эхэлжээ.
Шикано хэлэхдээ, зарим тохиолдолд сармагчнууд эхийн халамжийг авч чадахгүй байх нь байгалиас шалтгаалсан байж болно гэж тайлбарласан бөгөөд Панч эрүүл байсан тул түр хугацаанд бүлгээс нь тусгаарлан, сүүн тэжээлээр гараар өсгөж эхэлжээ.
Амьдралын эхний саруудад Панч чихмэл тоглоомоосоо ихээхэн хамааралтай байсан ч одоо бусад 60 орчим сармагчтай бүлэгтээ аажмаар дасч, тоглож, нийгмийн харилцаанд оролцох болсон байна.
Тэрээр чихмэл тоглоомоо агаарт эргүүлж, унтаж байхдаа хүртэл тэвэрч, амар амгаланг мэдэрдэг аж.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд үүнийг “чихмэл тоглоомын үс нь барихад хялбар, сармагчны дүрсээрээ сэтгэлийн хамгаалалт үзүүлдэг” гэж тайлбарлажээ.
Одоо Панч бусад сармагчдад аажмаар дасч, тоглож сурч байгаа ч чихмэл тоглоом нь түүнтэй үргэлж хамт буй юм байна.
Ажилтнуудын хэлснээр, Панч бусад сармагчингуудтай харилцахдаа идэвхтэй болж, бага багаар өсөж буй нь харагдаж байгаа аж.
Амьтны хүрээлэнгийн албан ёсны цахим хуудаст Панчийн түүхийг олон нийтэд танилцуулж, түүнийг “Сармагчны уулын бүсэд бяцхан сармагчныг чихмэл тоглоомтой нь харж болно” гэж мэдээлжээ.
Энэхүү түүх нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, амьтдын сэтгэл зүй, нийгмийн харилцааны чухлыг харуулж байна.
Эх сурвалж: THE SUN













































































