АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украины асуудал хариуцсан тусгай элч Стивен Уиткофф Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ойрын хугацаанд биечлэн уулзах боломжтой гэж мэдэгдлээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 21-нд Fox News телевизэд ярилцлага өгөх үеэрээ “АНУ-ын энх тайвны хүчин чармайлт ирэх гурван долоо хоногийн дотор ийм уулзалтад хүргэж магадгүй” хэмээн онцолсон байна.
Уиткоффын хэлснээр, өөрийнх нь бие болон Трампын хүргэн, хэлэлцээнд оролцож буй Жаред Кушнер нар нөхцөл байдалд өөдрөг хандаж байгаа аж. Тэдний дэвшүүлсэн саналууд талуудын байр суурийг ойртуулж, Украин-Оросын дээд хэмжээний уулзалтыг бодит болгоно гэж найдаж буй юм байна.
Трамп оролцсон гурван талын уулзалт ч боломжтой
Хэрвээ энхийн гэрээ байгуулах бодит боломж харагдвал Ерөнхийлөгч Трамп өөрөө оролцсон гурван талын уулзалт болохыг ч Уиткофф үгүйсгэсэнгүй. Тэр “Трамп “эцсийн үр дүнд хүрч чадна” гэдэгтээ итгэлтэй үедээ л ийм уулзалтад оролцоно” гэж хэлжээ.
Мөн Уиткофф Путинтэй олон удаа биечлэн уулзсанд нь хандсан шүүмжлэлийг няцааж, “Нөгөө талын байр суурийг ойлголгүйгээр ямар ч тохиролцоонд хүрэх боломжгүй” гэж онцолжээ. Түүний хэлснээр, Путин уулзалтуудын үеэр байр сууриа илэн далангүй илэрхийлж, “улаан шугам”-аа тодорхой хэлж ирсэн аж.
Зеленский: Төвийг сахисан газар уулзахад бэлэн
Украины Ерөнхийлөгч Зеленский Путинтэй биечлэн уулзахад бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлсэн ч Москвад очихоос татгалзаж, харин Киевт ирэхийг урьсан. Харин сүүлийн мэдэгдлээрээ хоёр удирдагчийг Женев хотод уулзуулах санал дэвшүүлэхийг хэлэлцээний багтаа даалгажээ.
Тэрбээр “ОХУ-тай, тэр дундаа Оросын удирдагчтай ямар нэг хэлбэрээр шууд харилцахгүйгээр нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж онцолсон байна.
Эх сурвалж: DW, SKY NEWS













































































