Италийн Милан болон Кортина-д’Ампеццо хотуудын хамтран зохион байгуулсан 25 дахь удаагийн өвлийн Олимпын наадмын хаалтын ёслол хоёрдугаар сарын 22-ны ням гаргийн орой Верона хотын Арена ди Верона-д болов. Энэхүү Ромын үеийн амфитеатр нь манай эриний 30 оны орчим баригдсан түүхэн байгууламж аж.
Ёслол “Үйлдэл дэх гоо үзэсгэлэн” (Beauty in Action) уриан дор болж, 8-12 мянган үзэгч үзэж сонирхсон гэж янз бүрийн эх сурвалжид дурджээ. Харин тамирчдын парадад олимпын нийт 1500 орчим тамирчин буюу наадамд оролцсон нийт тамирчдын талаас арай илүү хувь нь оролцсон байна.
Итали дуурь, бүжигт зориулсан хаалтын ёслол
Хоёр цаг хагас үргэлжилсэн хаалтын ёслолыг Италийн дуурийн урлаг болон сонгодог, орчин үеийн бүжигт зориулжээ.
Ёслол Италийн алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Верди-гийн “Аида”, “Риголетто” дууриудын дүрүүдийг харуулсан “Дуурийн шөнө” нэртэй богино хэмжээний киногоор эхэлсэн бөгөөд дараа нь эдгээр дүрүүд тайзан дээр “амилж” гарч ирсэн байна.

Мөн ёслолд Италийн дуучин Акилле Лауро, DJ Габри Понте, балетын алдарт бүжигчин Роберто Болле нар оролцжээ.
Верона хотод фейерверк ашиглах нь амьтдад сөрөг нөлөөтэй тул хориглодог учир түүний оронд гэрлийн гайхалтай шоу толилуулсан байна.
Зохион байгуулагчид эдгээр Олимпын наадмыг “түүхэн дэх хамгийн байгальд ээлтэй Олимп” болгох зорилготой байснаа онцолжээ.
Тамирчдын парад ба Германы баг
Тамирчдын парадад Олимпод 92 улсын төлөөлөгчид оролцсон байна. Германы далбааг чарганы спортын тамирчид болох Тобиас Вендль, Тобиас Арльт нар барьсан бөгөөд тэд тус бүр нэг алт (буухиа төрөлд) болон нэг хүрэл (хосын төрөлд) медаль хүртжээ.
Гэсэн ч Олимпод оролцсон Германы 185 тамирчнаас ердөө 18 нь л хаалтын ёслолд оролцсон байна.

Оросын тамирчид төвийг сахисан далбаан дор оролцов
Олимпод төвийг сахисан далбаан дор оролцсон Оросын тамирчид ч мөн парадад жагсжээ. Нийт 13 тамирчнаас цанын тамирчид Савелий Коростелёв, Дарья Непряева, уран гулгагчид Пётр Гуменник, Аделия Петросян, ски-альпинист Никита Филипповтав гэсэн таван тамирчин байсан аж.
Филиппов Оросын багийн цорын ганц медальтан болж, мөнгөн медаль хүртсэн байна.
Төвийг сахисан далбаатай тамирчдыг парадад оролцуулсан нь гэнэтийн явдал болсон. Өмнө нь Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны харилцаа холбооны захирал Марк Адамс тэднийг оролцуулах боломжгүй гэж мэдэгдэж байсан билээ.
Олимпын далбааг Францад шилжүүлэв
Ёслолын үеэр Милан болон Кортина-д’Ампеццо хотын захирагчид Олимпын далбааг ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри-д гардуулжээ.
Тэрбээр уг далбааг Францын Прованс-Альп-Лазурын эрэг болон Овернь-Рона-Альп бүс нутгийн төлөөлөгчдөд дамжуулан өгсөн байна. Эдгээр бүс нутагт 2030 оны өвлийн Олимпын наадам зохион байгуулагдах нь ээ.

Ковентри өнгөрсөн Олимпын наадмыг “үнэхээр ид шидийн мэт” байсан хэмээн үнэлж, “Та бүхэн өвлийн Олимпын шинэ хэв маягийг бий болгож, ирээдүйн жишгийг тогтоолоо” гэж онцолжээ.
Харин зохион байгуулах хорооны тэргүүн Жованни Малаго хоёр долоо хоногийн дараа эхлэх, гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийх Паралимпын наадмаар энэхүү спортын баярыг “дахин үргэлжлүүлнэ” гэж амалсан байна.
Олимпын бамбар жаргалаа
Ёслолын төгсгөлд Олимпын бамбарыг хоёр газарт зэрэг жаргаасан байна. Үүнд:
- Милан хотын Энх тайвны нуман хаалга,
- Кортина-д’Ампеццо хотын Пьяцца Дибона талбай багтжээ.
Веронад болсон хаалтын ёслол нь хоёрдугаар сарын 6-нд Миланы Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолоос хавьгүй даруухан болж өндөрлөжээ.
Нээлтийн ёслолд Мэрайя Кэри болон Андреа Бочелли нар оролцож, 60 мянга гаруй үзэгч цугларсан билээ.
Норвеги медалийн чансааг дөрөв дэх удаагаа дараалан тэргүүллээ
Норвеги Улс Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад болсон 25 дахь удаагийн өвлийн Олимпын наадамд 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 41 медаль хүртэж, медалийн чансааг дөрөв дэх удаагаа дараалан тэргүүллээ. Энэ нь алтан медалийн тоо болон нийт медалийн тоогоор тогтоосон шинэ дээд амжилт юм.
Хоёрдугаар байрт АНУ (12 алт, 12 мөнгө, 9 хүрэл), гуравдугаар байрт Нидерланд (10 алт, 7 мөнгө, 3 хүрэл) орсон байна. Олимпын наадмыг зохион байгуулагч Итали Улс 10 алт, 6 мөнгө, 14 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байр эзэлжээ.
Сүүлийн медалийг хоккейн шигшээ тоглолтоор шийдэв
Сүүлийн медалийн багцыг хоёрдугаар сарын 22-ны ням гарагт болсон АНУ болон Канадын хоккейн шигшээ тоглолтоор шийдсэн байна. Тоглолт нэмэлт цагаар үргэлжилж, АНУ 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ.
АНУ-ын шигшээ багийн тоглогч Жек Хьюз шийдвэрлэх, түүхэн алтан медалийн гоолыг оруулж, багтаа 1980 оны Олимпоос хойш 46 жилийн дараа дахин олимпын аваргын алтыг авчирсан байна.
Эх сурвалж: DW













































































