АНУ-ын Калифорни мужид мал аж ахуйн ферм эрхэлдэг нэгэн гэр бүлийн ээж дөрвөн охиноо дөрвүүлэнг нь Мэри гэж нэрлэсэн нь олон хүний анхаарлыг ихэд татжээ.
Ихэнх хүмүүс хүүхдэдээ өвөг дээдсийн нэрийг өгөхийг хэвийн зүйл гэж үздэг ч бүх хүүхдэдээ ижил нэр өгөх нь “гайхалтай хэрэг”. Гэсэн ч ээж Мэригийн хувьд энэ нь этгээд шийдвэр биш, харин гэр бүлийнх нь олон үе дамжсан уламжлал аж.
Тэрбээр нөхөр Брайан болон дөрвөн охиныхоо хамт амьдардаг бөгөөд хүмүүс тэднийг “The Five Marys” буюу “Таван Мэри” хэмээн нэрлэдэг байна.

Мэри “The Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа “Мэри гэдэг нэр “хүчтэй нэр”. Даруу зан, тогтвортой байдал, дотоод тэсвэр хатуужлыг илэрхийлдэг” гэж ярьжээ.
Сошиал орчинд гардаг шүүмжлэлд тэр огт санаа зовдоггүй аж. Энэ талаар тэрбээр “Хүмүүс интернэтэд юу хүссэнээ хэлдэг ч манай гэр бүл хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй” хэмээн тайлбарласан байна.
Түүний хэлснээр, охид өөрсдийн нэрэнд дуртай байдаг нь хамгийн чухал зүйл бөгөөд харин ч хүмүүс тэднийг болон гэр бүлийнх нь фермийн амьтдыг танихад амар байдаг аж.
Анхны охиноо Мэри гэж нэрлэх нь эмээ, өвөг дээдсээ хүндэтгэх байгалийн сонголт байсан бөгөөд “Энэ нэр цаг хугацаанаас үл хамааран утга учиртай санагддаг” гэж Мэри хэлжээ.

Тэд бүх хүүхэд нь охин байна гэж огт төсөөлөөгүй ч нэгэнт эхэлсэн уламжлал аяндаа үргэлжилж. Тэр өнгөрсөн жил Facebook хуудастаа “Нэгэнт эхэлсэн болохоор буцах арга байгаагүй” гэж бичсэн байдаг аж.
Мэри мөн гэр бүлийнх нь хоёр тал католик шашинтай, Мэри нэртэй хүчирхэг эмэгтэйчүүдийн урт түүх үргэлжилдэгийг онцолсон байна.
Өдөр тутмын амьдралд будлиан үүсэхгүйн тулд охид тус бүр хочтой бөгөөд Mary Frances-ийг Фрэнси, Mary Marjorie-ийг Мейзи, Mary Jane-ийг Жэйни, Mary Teresa Katherine-ийг Тесс хэмээн дууддаг аж.
Ийнхүү дөрвөн охин нэг нэртэй ч өөр өөр түүх, онцлогтой байна. Энэ гэр бүлийн хувьд нэр гэдэг зүгээр нэг дуудлага бус, харин уламжлал, хүндэтгэл, утга учрын бэлгэдэл болж чаджээ.
Эх сурвалж: UNILAD













































































