Владимир Зеленскийн хэвлэлийн албанаас хоёрдугаар сарын 21-ний бямба гарагт “Украин улс Оросын Холбооны Улсын “Сүүдрийн флот”-ын 225 хөлгийн ахмадын эсрэг хориг арга хэмжээ авсан” гэж мэдээлжээ.
Ерөнхийлөгч Зеленский Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн шийдвэрийг батлан холбогдох зарлигуудыг гаргасан бөгөөд уг шийдвэр нь Орос, Энэтхэг, Филиппин зэрэг 11 улсын иргэдийг хамарч байгаа аж.
Эдгээр хүмүүсийг “сүүдрийн флот”-ын хөлгүүдийг удирдан, Европын Холбоо болон барууны бусад орнуудын хоригийг тойрон, нефть тээвэрлэсэн гэж үзжээ.
Эдгээр ахмадуудын удирдаж байсан 188 танкер хэдийнэ Европын Холбоо, АНУ, Их Британи, Швейцарь, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудын хоригт багтаад байгаа аж.
Хоригт ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой компаниуд багтав
Украин улс уг хоригийн багцад 46 орос иргэн, 2 иран иргэн, мөн ОХУ-ын 44 компанийг хамруулсан бөгөөд эдгээр нь ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын хэрэгцээг хангадаг гэжээ.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, эдгээр компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь баллистик болон далавчит пуужин, цохилтын болон тагнуулын нисгэгчгүй онгоц, галт зэвсэг, сум хэрэгсэл үйлдвэрлэхэд ашиглагддаг байна.
Ираны иргэд хориг арга хэмжээг зөрчин, нисэхийн сэлбэг нийлүүлжээ
Украины эрх баригчид “Хоригт орсон хоёр иран иргэн нислэгийн сэлбэг, эд ангийн хоригийг зөрчин, нийлүүлэлтэд оролцсон” гэж үзэж байгаа аж.
Тэд ОХУ болон Ираны нисэх онгоц үйлдвэрлэлийн корпораци хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тус корпораци нь Москвагийн Shahed төрлийн нисгэгчгүй онгоцыг хөгжүүлэх, үйлдвэрлэх хамтын ажиллагааны түнш юм байна.
Уг корпораци нь хэдийнэ Украин, АНУ, Швейцарь болон Шинэ Зеландын хоригт багтжээ.
Эх сурвалж: DW













































































