АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх өдөр нь АНУ-ын Дээд шүүх одоогийн захиргаанаас өмнө тогтоосон олон тарифыг хууль бус гэж үзсэн шийдвэр гаргасны дараа дэлхийн бүх улсад хамаарах гаалийн татварыг 10-15 хувь болгон нэмэгдүүлснээ зарлав.
Тэрбээр хоёрдугаар сарын 21-ний бямба гарагт өөрийн Truth Social нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлсэн байна.
Трамп “Олон арван жилийн турш АНУ-ыг шийтгэлгүй ‘дээрэмдэж’ ирсэн (намайг засгийн эрхэнд иртэл!) дэлхийн бүх улсад ногдуулсан 10 хувийн тарифыг хууль ёсоор бүрэн зөвшөөрөгдсөн, эрх зүйн үндэслэлтэй 15 хувь болгон нэн даруй нэмэгдүүлж байна” гэж бичжээ.
Мөн тэрбээр ойрын хэдэн сарын дотор түүний захиргаа шинэ, хуульд нийцсэн татваруудыг тодорхойлж, нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Дээд шүүх Трампын өмнөх тарифуудыг хууль бус гэж үзэв
АНУ-ын Дээд шүүх хоёрдугаар сарын 20-нд “Цагаан ордны тэргүүн олон арван худалдааны түнш орнууд, тэр дундаа Европын Холбооны улсуудын эсрэг тариф тогтоохдоо 1977 оны Олон улсын онцгой эдийн засгийн бүрэн эрхийн тухай хууль (IEEPA)-ийг үндэслэсэн нь ерөнхийлөгчийн эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл” гэж дүгнэжээ.
Улмаар бараг бүх улсаас импортлох бараанд ногдуулсан “харилцан” татварууд, Канад, Мексик, Хятадын бараанд тогтоосон 25 хувийн татварууд зэрэг ихэнх тариф хууль бус гэж тооцсон байна.
Трамп уг шийдвэрийг тусгайлан зарласан хэвлэлийн бага хурлын үеэр “маш их урам хугалсан” хэмээн хэлээд, Дээд шүүхийн шүүгчдийг “гадаадын ашиг сонирхолд захирагдсан, үндэстний шившиг” гэж мэдэгджээ.
Шинэ тарифууд 150 хоног үйлчилнэ
Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн тогтоосон 10 хувь (одоо 15 хувь болсон) татварууд хоёрдугаар сарын 24-нөөс хэрэгжиж, 150 хоногийн хугацаанд хүчинтэй байх аж. Илүү урт хугацаанд мөрдөх бол Конгрессын зөвшөөрөл шаардлагатай юм байна.
Фридрих Мерц: Тариф буурснаар эдийн засгийн дарамт багасна
Германы канцлер Фридрих Мерц хоёрдугаар сарын 21-нд, татварыг 15 хувь болгон нэмэгдүүлэхээс өмнө мэдэгдэл хийхдээ, АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн дараа Германы эдийн засагт учрах тарифын ачаалал буурна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр Германы Handelsblatt сонинд өгсөн ярилцлагадаа (ARD телевизээр дамжуулан) “Энэ бол олон хүний хүлээж байсан сонирхолтой шийдвэр” гэж хэлсэн байна.
Мерц мөн “Германы компаниуд олон тэрбум еврог буцаан авахын тулд АНУ-тай хэлэлцээ хийх шаардлагатай. Энэ асуудалд Европын Холбоо нэгдсэн байр суурьтай байх ёстой, учир нь тарифын бодлого бол гишүүн орнуудын бус, Европын Холбооны асуудал” гэжээ.
Тэрбээр гуравдугаар сарын эхээр “Европын хэмжээнд уялдуулж, нэгтгэсэн байр суурьтайгаар Вашингтонд очно” гэж нэмж хэлснийг Reuters агентлаг уламжилсан байна.
Клингбайль: Тодорхой бус байдал хэвээр байна
АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийг Германы Сангийн сайд, дэд канцлер Ларс Клингбайль мөн тайлбарлав.
Тэрбээр Frankfurter Allgemeine Zeitung сонинд өгсөн ярилцлагадаа “Шүүхийн шийдвэр гарсан ч автомашин үйлдвэрлэл, металлург зэрэг гол салбаруудад татварууд хэвээр үлдсэн. Трамп цаашид ч шинэ татварууд зарлахаа мэдэгдсэн. Тиймээс тодорхой бус байдал өндөр хэвээр байна” гэжээ.
Клингбайль “Эдгээр татварууд нь Герман болон АНУ-ын эдийн засагт аль алинд нь хохирол учруулж, харин Америкийн жирийн иргэд хамгийн ихээр хохирч байна” гэжээ.
Эх сурвалж: DW













































































