Монголын цахим спортын шилдэг тамирчдын нэг Senzu / А.Мөнхболд Европын “Passion UA” багт хагас жилийн хугацаатай зээлээр очихоор болжээ. Зээлийн гэрээнд дараа нь бүр мөсөн худалдан авах боломжтой нөхцөл багтсан байна.
Senzu өнгөрсөн 2025 онд HLTV-ийн шилдэг 13 тамирчны нэгээр шалгарч байсан бөгөөд багийн шинэ бүрэлдэхүүнд Аргентины мэргэн бууч Santino “try” Rigali ч нэгдэж байгаа юм.
Шинэ бүрэлдэхүүн 2026 оны хоёрдугаар сарын 19-нд анхны тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
“Passion UA” багийн ерөнхий захирал Артемий Рябов хэлэхдээ “Хэлэлцээр их хүнд байлаа. Senzu Европын багт шилжиж, англи хэлээ сайжруулах төлөвлөгөөтэй байсан.
IEM Cologne Major 2026 тэмцээний дараа талууд зөвшилцвөл бүр мөсөн худалдан авах боломжтой” гэжээ.
“Passion UA” багийг Олександр Зинченко 2023 онд үүсгэн байгуулсан бөгөөд баг Counter-Strike 2 болон Dota 2 төрөлд өрсөлддөг.
Тус багийнхан 2024 оны арваннэгдүгээр сард “Astralis” багийг хожиж, “Perfect World Shanghai Major 2024” тэмцээнд оролцох эрхээ авч олны анхаарлыг татсан.
Мөн 2025 оны наймдугаар сард Complexity Gaming-ийн бүрэлдэхүүнийг худалдан авснаар Хойд Америкт төвтэй баг болсон байна.













































































