“Улаанбаатар Амазонс” баг Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын аварга багаар тодорлоо.
Тэд байгуулагдсан цагаас хойш дөрвөн удаа дээд лигийн тоглолтод финалдаж, гурван удаа аваргын цом өргөж байна.
Сануулахад, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Women The League” (эмэгтэй үндэсний дээд лиг)-ийн финалын тоглолт энэ сарын 3-нд болж, аваргын цомын төлөө Улаанбаатар Амазонс болон Аравт багууд эхний шигшээ тоглолтоо хийсэн билээ.
Тоглолт 90:74 харьцаатайгаар Улаанбаатар Амазонс баг ялалт байгуулж, финалын цувралд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн. Энэ нь багийн дараалсан хожлын цувралыг 20 болгож, улирлын турш ялагдаагүй 20:0 амжилт үзүүлсэн үр дүн болсон юм.
Тэд улирлын тоглолтод 15:0, плей-оффын эхний шатанд 4:0 амжилт үзүүлснээр финалын цувралд нэг ч ялагдалгүй оролцож байгаа юм.
Шигшээ тоглолтод МУГТ О.Хулан 35 оноо, 5 оновчтой дамжуулалт, 7 удаа гурваас довтолгоо амжилттай гүйцэтгэж багийнхаа бүх тоглогчдыг тэргүүлсэн.
“Аравт” багийн Б.Өнөрзаяа 31 оноо, 6 оновчтой дамжуулалт, 7 удаа гурваас довтолгоог амжилттай гүйцэтгэн 68 хувийн амжилт үзүүлж багийнхаа гол тоглогч болсон билээ.













































































