Норвегийн шилдэг цаначин Йоханнес Клебо эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын багийн буухиа төрөлд түрүүлснээр тамирчны замналдаа өвлийн Олимпын ес дэх алтан медалиа хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо.
Өчигдөр болсон 4×7.5 км-ийн зайн багийн буухиа уралдаанд Норвегийн баг түрүүлж, Франц, Итали улсын багууд удаалсан байна.
Өдгөө 29 настай Клебогийн хувьд энэ медаль нь Милан-Кортинагийн өвлийн Олимп-оос хүртсэн дөрөв дэх алтан медаль болж буй юм.
Тэрбээр өмнө нь ойрын зайн сонгодог төрөл (спринт классик), 10 км-ийн зайн уралдаан, скиатлон төрлүүдэд аваргалсан билээ.
Олимпын наадам дуусах хүртэл багийн ойрын зайн төрөл, бөөн гараатай уралдаан, сонгодог тэшилтийн 50 км-ийн зайд өрсөлдөх тул алтан медалийн тоогоо цаашид нэмэгдүүлэх боломж түүнд нээлттэй хэвээр байна.
Ийнхүү 9 дэх алтан медалиа хүртсэнээр Йоханнес Клебо өвлийн Олимпын наадмын түүхэнд хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчинаар тодорлоо.
Тэрбээр 2018 оны Пёнчаны өвлийн Олимп, 2022 оны Бээжингийн өвлийн Олимпод ч мөн амжилттай оролцож байсан бөгөөд алтан медалийн тоогоороо эх орон нэгт биатлонч Уле-Эйнар Бьорндален, цаначид болох Бьорн Дэли, Марит Бьорген нарыг (тус бүр 8 алттай) ардаа үлдээлээ.
Өвөл, зуны Олимпын бүх төрлийг хамтад нь авч үзвэл, Америкийн домогт усанд сэлэгч Майкл Фелпс 23 алтан медаль хүртсэн амжилтаараа бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг.
Түүний араас тус бүр 9 алтан медальтай ЗХУ-ын гимнастикч Лариса Латынина, Америкийн хөнгөн атлетикч Карл Льюис, Америкийн усанд сэлэгчид болох Калеб Дрессел, Марк Спитц, Кэти Ледеки, мөн Финландын хөнгөн атлетикч Пааво Нурми нар бичигдэж байна.
Эх сурвалж: DW













































































