Германы иргэдийн олонх нь Германы канцлер Фридрих Мерц болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украинд өрнөж буй дайныг зогсоох асуудлаар шууд хэлэлцээ хийхийг дэмжиж байгаа ажээ.
Энэ талаар хоёрдугаар сарын 12-ны пүрэв гарагт DPA агентлаг өөрийн захиалгаар Британийн зах зээл, нийгмийн судалгааны YouGov байгууллагаар хийлгэсэн санал асуулгын дүнг иш татан мэдээлжээ.
Судалгааны дүнгээр, Германы иргэдийн 58 хувь нь Мерц, Путин нарын хооронд шууд хэлэлцээ хийх санаачилгыг дэмжсэн байна. Ялангуяа ХДС/ХСС хэмээх консерватив эвслийг дэмжигчид Москва, Берлиний хооронд яриа хэлэлцээ хийхийг илүүтэй дэмжиж байгаа аж. Харин 26 хувь нь Мерц Кремльтэй шууд харилцахыг эсэргүүцжээ.
Макрон Европ, Путины хоорондын яриа хэлэлцээг дэмжив
Үүнээс өмнө Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон Кремльтэй шууд харилцааг сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр Европын хэд хэдэн сонинд өгсөн ярилцлагадаа Украинд энх тайван тогтсоны дараа европчууд “Оростой хамтран Европ дахь аюулгүй байдлын шинэ архитектурыг байгуулах шаардлагатай” гэж онцолсон байна.
Иймээс Макрон АНУ Европын өмнөөс Кремльтэй хэлэлцээ хийх ёсгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Харин Фридрих Мерц Макроны энэ санаачилгад болгоомжтой хандаж, Кремльтэй хийх аливаа хэлэлцээ нь заавал Украин болон АНУ-тай уялдуулсан, нягт хамтын ажиллагааны хүрээнд явагдах ёстой гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW













































































