![]()
Орос-Монголын Бизнес форумыг //2026.02.11/ МҮХАҮТ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан.
Форум Монгол Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал болон Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсуудтай байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд зохион байгуулагдсан билээ.
Арга хэмжээнд хоёр улсын засгийн газрын агентлагууд, ОХУ-ын бүсийн танхимууд, бизнес эрхлэгчид, шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн асуудлуудыг хэлэлцэх чухал талбар болсон.
Форумын нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Гордеев А.В. нар оролцов.

Тус форумд ОХУ-ын талаас хөдөө аж ахуй, банк санхүү, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, махны үйлдвэрлэл, барилгын салбарын 150 гаруй компанийн төлөөлөл оролцсон бол монголын талаас 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон байна.
“Монгол-Оросын бизнес уулзалт”-ын хүрээнд Монголын аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах төрөлжсөн үзэсгэлэн амжилттай болжээ.
Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын эдийн засгийн түншлэлийг шинэ шатанд гаргах, Монгол брэндийг Оросын зах зээлд албан ёсоор таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсон байна.
Үзэсгэлэнд Монгол Улсын хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд оролцож, үндэсний үйлдвэрлэлийн шилдэг дээжүүд болох ноос ноолуур, арьс шир, хүнс болон мах махан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлжээ.
Монголын үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний байгалийн цэвэр гаралтай байдал, олон улсын стандартад нийцсэн чанар болон экспортын нөөц боломжийн талаар Оросын талын түншүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн аж.
Арга хэмжээний үеэр Оросын Холбооны Улсын 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирж, Монголоос нийлүүлэх түүхий эд болон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг онцгойлон сонирхож байжээ.
Бизнес эрхлэгчид харилцан ашигтай түншлэл тогтоох, нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх бодит боломжуудын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан байна.
Энэхүү үзэсгэлэн нь Монголын ААН-үүд Оросын зах зээлд байр сууриа бэхжүүлэх, хоёр орны бизнесийн салбарын итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болсон бөгөөд экспортын эргэлтийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид дүгнэжээ.













































































